Өмгөөлөгч Б.Баасанцогтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох арга хэмжээ авсан байна. Тодруулбал, Б.Баасанцогтыг 2022 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргасан. Улмаар анхан шатны шүүхээс түүнийг дахин нэг сар буюу зургадугаар сарын 7-ныг хүртэл саатуулах хугацааг сунгаж шийдвэрлэсэн.
Түүний өмгөөлөгчидийн гаргасан гомдлыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчид хянан хэлэлцээд, энэ сарын 13-ны өдөр таслан сэргийлэх арга хэмжээг нь хязгаарлалт тогтоох болгон өөрчилж ийнхүү суллаж шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
14.5 дугаар зүйл.Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ
1.Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан, хүчингүй болгосон тухай шүүхийн шийдвэрийг прокурор, мөрдөгч хяналт тавих байгууллагад даруй мэдэгдэнэ.
3.Шүүхийн шийдвэрт яллагдагчийн очих, оршин суух, ажиллах, зорчих газар, тодорхой хүнтэй уулзахгүй, харилцахгүй байхыг зааж, хяналт тавихыг эрх бүхий байгууллагад даалгана.
4.Шүүхийн шийдвэрт заасан бол хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих байгууллага нь яллагдагчид хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавина.
5.Яллагдагчид энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хяналтын төхөөрөмж ашиглан хяналт тавих бол түүнийг зөрчсөнөөс үүсэх үр дагаврыг урьдчилан танилцуулна.
6.Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргийг зөрчсөнийг мэдсэн хүн, хуулийн этгээд тухайн таслан сэргийлэх арга хэмжээнд хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэнэ гэжээ.
Эргэн сануулахад, Хөл хориотой үед нэр бүхий шүүгч нартай архидан согтуурч бие зөв зохисгүй авч явж буй бичлэг цахим орчинд тархаж түүнтэй хамт байсан зарим шүүгч сахилгын шийтгэл ногдуулсан байдаг.
Мөн Тагнуулын ерөнхий газраас Б.Баасанцогттой холбоотой мэдээлэл хийж, нэр бүхий улстөрчийн биед халдахаар завдаж байсан хэмээн мэдэгдсэн.
Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Биеэ үнэлэхийг зохион байгуулах/ мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/ зүйл ангиар шалгаж буй юм.
Д.Гэрэлээ