Өмнөговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Даланзадгад сумын хэмжээнд “Хамгаалалттай хот” камержуулалтын аян болзолт уралдааныг зарлажээ. Тодруулбал, Даланзадгад суманд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдийн өмч хөрөнгийг хамгаалах, аюулгүй амар тайван орчинд амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд уг ажлыг зохион байгуулж байгаа аж. Мөн орон сууцны орц, гадна орчин, гэр хорооллын гудамж, аж ахуйн нэгж байгууллагын гадна, дотор орчин, нийтийн эзэмшлийн талбай зэрэг газруудыг камержуулж, иргэдийн эд хөрөнгө, амь нас, эрүүл мэндийг учирч болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой аж.
Уг аяныг Өмнөговь аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар хамтран зохион байгуулж байна.
Уралдаанд Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, орон сууц, гудамж хашаа, хорооллыг хамрагдаж байгаа аж. Тус уралдаан нь тавдугаар сарын 16-ны өдөр эхэлсэн бөгөөд ирэх зургадугаар сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.