Тухайн үед албаныхан хоёр сая шуудайг импортоор, хоёр сая шуудайг нь иргэдээс авах зарчмаар ажиллана гэсэн. Энэ дагуу сав баглаа, боодол, даацын шуудай үйлдвэрлэгч “Гранд Лаки” компаниас нэг сая шуудай туршилтын журмаар худалдаж авчээ.
Өглөөний 11:00 цагт бидний хэлж заншсанаар 32-ын тойргийн дэргэдэх сайжруулсан түлш борлуулах цэгт түлш авч буй иргэд харагдсангүй. Мэдээж ажлын өдөр, ажлын цаг таарсан учир борлуулалтын цэг худалдан авагчгүй байлаа. Тус цэгийн борлуулагч өглөөхөн буусан сайжруулсан түлш, ногоон шуудайтай моднуудаа цэгцэлж харагдана.
Тэрбээр хажуугаар зөрсөн хүмүүсээс “Нүүрс авах уу” гэж хий дэмий л асууна. “Өвлийн саруудад өглөөхөн буусан нүүрсийг иргэд булаацалдах нь холгүй авч байсан. Одоо хаврын урь орж, дулаарч байгаа болохоор наймаа муу байгааг борлуулагч хэлж байв. Бас нүүрс авах иргэд өглөө эрт эсвэл оройн цагаар авах нь элбэг гэнэ. “Өдөрт 80 шуудай түлш арайхийн зарж байна. Амралтын өдрүүдээр л түлш авах иргэд нэмэгддэг. Манай цэг дээр шинэ савлагаатай сайжруулсан түлш ирээгүй. Хуучин улаан шуудайтай нүүрсийг борлуулж байгаа. Гэхдээ ойр байрлах цэгүүдэд ирсэн сурагтай байсан” гэж сайжруулсан шахмал түлш борлуулах 380-р цэгийн борлуулагч Н.Мягмарсүрэн хэлэв.
Бид тус цэгээс ойролцоо байрлах сайжруулсан шахмал түлш борлуулах цэг рүү очлоо. Мөн адил сайжруулсан шахмал түлш авах иргэд харагдсангүй. Борлуулах цэг өглөөний татан авалтаа хийж байлаа. Буулгаж буй 80 тонн нүүрсний ихэнх нь шинэ савлагаатай нүүрс байв.
Чингэлтэй дүүрэгт байрлах 017 дугаар Сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийн борлуулагч: Н.Оюунчимэгийн хэлснээр шинээр нэвтүүлж буй түлшний шуудай тортог татдагийг эс тооцвол чанарын хувьд сайн шуудай байгаа онцолж байлаа. Хуучин хэрэглэж байсан шуудай нь гялгар материалтай учир тортог болохгүй, барьцгүй байдаг байсныг ч тэрбээр хэлж байлаа. Харин дотоодод үйлдвэрлэсэн шинэ шуудай тортог татах сул талтайгаас бусдаар бол “боломжийн” үнэлгээг нүүрс борлуулагчид ярьж буй гэнэ.
Мөн 21 дүгээр цэгийн сайжруулсан түлш борлуулагч “Нүүрс авах иргэд багассан ч цөөхөн авч буй иргэд шуудайг сүрхий анхаарахгүй байгаа. Иргэд хэрэглэсэн шахмал түлшний шуудайдаа үнс, бусад хог хаягдал хийдэг. Одоо ашиглаж буй улаан шуудайнд үнс хийгээд ачихад түлш чийгтэхээс сэргийлсэн жижиг нүхээр үнс нь гоожоод байдаг. Харин энэ цагаан шуудай эдэлгээ сайтай санагдсан гэв.
Сайжруулсан шахмал түлшний улаан шуудайны өртөг 560-594 төгрөг. Засгийн газраас сайжруулсан шахмал түлшний үнийг хөнгөлттэй үнээр худалдаалж байгаа. Энэ үнэд шуудайны өртөг шингэхээс гадна багахан хэмжээний тээвэрлэлтийн зардал шингэснийг “Тавантолгой түлш” компанийн мэргэжилтэн өмнө нь хэлж байсан.
Сайжруулсан шахмал түлшний улаан шуудайны өртөг 560-594 төгрөгөөр худалдаж авдаг байсан бол “Гранд Лаки” компаниас 600 төгрөгөөр худалдаж авч байгаа нь өртгийн хувьд ижил гэсэн үг. Өөрөөр хэлбэл, урд хөршөөс тээврийн зардал болон бусад зардал нэмэгдэхгүйгээр эндээс нийлүүлж байгаа ч өртгийн хувьд ижил үнэтэй байна.
“ДОТООДЫН НИЙЛҮҮЛЖ БУЙ ШУУДАЙГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ БОЛОМЖТОЙ”
Гэр хорооллын гудамжны үзүүрт овоолсон улаан шуудайтай хог харагдана. Иргэд шуудайны утсыг цэвэрхэн хөврүүлж авсан байх бөгөөд ихэнх нь үнстэй шуудай аж. Одоо ашиглаж буй улаан шуудай нь будагч бодис болон гялгар материалаар хийсэн тул байгальд шингэх боломжгүй аж. Энэ талаар “Гранд Лаки” компанийн захирал О.Энхбаяраас тодрууллаа.
“Манай компани сайжруулсан түлш савлаж буй 25 килограммын шуудайг хангах бүрэн боломжтой. Бидний үйлдвэрлэж буй цагаан шуудай хаягдал болсон ч дахин боловсруулаад төмс ногоо хийх зориулалттай шуудай юм. Одоо ашиглаж буй улаан шуудай нь дахин боловсруулах боломжгүй материалтай юм шүү дээ. Монголд даацын болон жижиг шуудай үйлдвэрлэх бүрэн боломжтой. Хамгийн гол эрсдэл нь манайд шуудай үйлдвэрлэгдэхэд хамгийн чухал түүхий эд болох полимер материал байдаггүй.
Хэрэв хил хаагдвал түүхийн эдийн гачигдалд орох эрсдэлтэй. “Тавантолгой түлш” компани удахгүй ахиад тендер зарлана гэсэн. Хэрэв манай компани ялбал үйлдвэрээ өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө нэмнэ. Одоогоор туршилтаар хийж байгаа тул үйлдвэрийн хүчин чадлаа нэмэгдүүлэх гэх мэт ажлыг харзнаж байна. Жилдээ 2000 тонн шуудай хаягддаг. Үүнээс бид 1000 тонн ахин боловсруулахад гадаадаас шуудай авах шаардлагагүй болно” гэв.
Сайжруулсан түлшний шуудай үйлдвэрлэхээр туршилтад орж буй “Гранд Лаки” ХХК нь улсын бүртгэл дээр “Мон эко шуудай” компани дээр бүртгэлтэй. “Гранд Лаки” ХХК 2021 онд байгуулагдсан шинэхэн компани.
Гадаад худалдаа, оёдол, орчуулга гээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компанийг О.Энхбаяр, М.Батсуурь нар эзэмшдэг.
“Тавантолгой Түлш” компанийн Хэвлэлийн төлөөлөгч Г.ДАВААБААТАР:
-Манай компани өнгөрсөн онд дотоодын шуудай үйлдвэрлэгч компаниудад 25 килограммын шуудай худалдаж авах урилга хүргүүлсэн. Урилгын дагуу “Гранд Лаки” компани үнийн санал болон холбогдох матеиаруулаадаа илгээсэн. Тус компаниас нэг сая шуудай худалдаж авсан. Хятадаас худалдаж авч буй улаан шуудайтай ижил үнээр буюу нэг шуудайг 600 төгрөгөөр худалдаж авсан. Одоогоор туршилтын хугацаанд явж байгаа учир иргэд буцааж тушаах боломжгүй. Тухайн шуудайны эдэлгээ болон савлагаа гэх мэт шаардлагууд нийцэх эсэхийг нь судалсны эцэст иргэд хэрэглэсэн шуудайгаа тушаах боломжтой эсэхийг шийдвэрлэнэ. Ямар ч байсан туршилтын шугамаар нэг сая шуудай худалдаж авсан, түлшээ савлаад борлуулалтад оруулсан байна гэв.
эх сурвалж: news.mn