“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ган­болдын эхнэр Х.Янжингаажид давж заалдах шатны шүүх дээр дахин ялжээ

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ган­болдын эхнэр Х.Янжингаажид УБEГ өөрт нь мэдэгдэхгүй гэрлэлтийн баталгааг цуцалсан байсан талаар мэдээлж, шүүхэд хандсан. Улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүх  тэдний гэрлэлтийг хүчингүй гэж үзсэн УБEГ- ын хяналтын байцаагчийн дүгнэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн билээ.

“Алтан Дорнод Монгол” компанийн захирал Т.Ган­болд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах шатны шүүхэд хандсан.  Тэгвэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж тэдний гэрлэлтийг хүчингүй гэж үзсэн УБEГ- ын хяналтын байцаагчийн дүгнэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Энэ талаар Х.Янжингаажид өөрийн твиттертээ “Бид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээр яллаа. Т.Ганболдын Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын байцаагчаар устгуулсан гэрлэлтийн гэрчилгээг шүүхээс хүчин төгөлдөр үлдээлээ. Одоо Ганболдод Дээд шүүх дээр давж заалдах 28 хоног, ичих булчирхайгүй юм чинь давж заалдах л биз’ хэмээн өмгөөлөгч Б.Мэргэний хамт явахуулсан зургаа оруулжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр иргэн Х.Янжингаажидын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч Х.Янжингаажид нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчид холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага  бүхий нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд гаргажээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2022/0273 дугаар шийдвэрээр “Х.Янжингаажидын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын хяналтын улсын байцаагч Ц.Отгонцэцэгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 5686 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Д.Гэрэлээ