Гадаад улсын иргэдийн виз сунгалтын хүсэлтийг цахимаар авч эхэллээ

Монгол Улсад түр болон визгүй ирсэн гадаад улсын иргэд манай улсад байх хугацаагаа нэг удаа 30 хүртэл хоногоор сунгуулах боломжтой. Сунгалт хийлгэх хүсэлтийг өнөөдөр /2022.06.13/-өөс эхлэн цахимаар авч эхэллээ.

Сунгалт хийлгэхэд анхаарах зүйлс:

-Түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх хугацааг сунгуулах хүсэлтээ хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө гаргана.

-Түр ирэгч гадаадын иргэний өмнөх сунгалтын хугацаа дууссанаас хойш 90 хоногийн дараа дахин сунгуулах хүсэлт гаргаж болно.

-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчиж, Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл хүлээсэн түр ирэгч гадаадын иргэний тухайн визийн байх хугацааг сунгахгүй.

-Гадаадын иргэний баримт бичигт визийн сунгалт хийсэн өдрийг “Registered” (Бүртгэсэн), тус улсаас гарах эцсийн хугацааг заасан өдрийг “Until” (Хүртэл) тэмдэглэгээ бүхий тэмдэгт тэмдэглэнэ.

-Цахимаар мэдүүлсэн тохиолдол сунгалт хийлгэсэн тэмдэглэгээ хийлгүүлэхдээ Монгол Улсаас гарах үедээ хилийн боомт эсвэл өөрт ойр байрлах ГИХГ-ын төв болон боомт орон нутаг дах салбар нэгж, аймгууд дах ахлах мэргэжилтнүүдэд хандаж тэмдэглэгээ хийлгүүлэх боломжтой.

Эх сурвалж: ГИХГ