Б.Бат-Эрдэнэ: Хөвсгөл нуурыг Юнеско бүртгэж авлаа

Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд орших Хөвсгөл нуурыг ЮНЕСКО бүртгэж авчээ. Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ цахим хуудастаа ийн бичсэн байна.

Тэрбээр “Дөнгөж сая Хөвсгөл нуур маань Хүн ба шим мандал хөтөлбөрийн Дэлхийн сүлжээнд бүртгэгдлээ. Өөрөөр хэлбэл, Хөвсгөл нуурыг ЮНЕСКО бүртгэж авлаа. Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар олон улсад данстай боллоо. 1.7 сая га газар хамран бүртгэгдэв.  Парис хотод зохион байгуулагдаж буй UNESCO Хүн ба шим мандлын хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 34 дугаар хурлаар Хөвсгөл нуурыг хүлээн авч бүртгэлээ. Санаачлан эхлүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд тусгайлан баяр хүргэе” гэжээ.