Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай аадар бороо орно

2022 оны долоодугаар сарын 11-ний 08:00 цагаас 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллээр Улаанбаатар хот орчмоор дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байгаа тул наадамчин иргэд та бүхэн гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, бага насны хүүдэд байнга хараа хяналт тавих, голын эрэг дагууд болон уулын ам, бэл, гуу жалга, үерийн эрсдэл бүхий газар суурьшихгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.