Автомашинаа бусдад өгч явуулсны улмаас 2 сая төгрөгийн хохирол төлжээ

Иргэн А зуслангийн замд шөнийн 00:30 цагийн орчим иргэн Б-ийн өмчлөлийн “Porsche Panamera” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигчийг мөргөж амийг нь хохироожээ.

Тээврийн прокурорын газраас иргэн А-г Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн гэж үзэв.

А нь тухайн өдөр байгууллагын дарга З-г зуслангийн гэрт нь хүргэж өгөхөөр З-ийн эцэг Б-ийн өмчлөлийн машиныг жолоодон явсан. Улмаар үзэгдэх орчин хязгаарлагдсан шөнийн цагт тээврийн хэрэгслийг хурдыг тохиромжтой байдлаар сонгон яваагүйгээс замын зорчих хэсэгт явган зорчигч гарч ирэх үед тээврийн хэрэгслийг зогсоож амжилгүй явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон нь тогтоогдсон байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд 19 сая төгрөг нэхэмжилснийг А нь бүрэн төлсөн.

Иргэний хуулиар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч хариуцах, мөн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч тээврийн хэрэгслийг өөрөө бусдад шилжүүлэн өгсөн бол гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээх зохицуулалттай.

Иймд А-ын унаж явсан тээврийн хэрэгсэл нь иргэн Б-ийн эзэмшлийнх тул автомашины өмчлөгч Б-..с амь хохирогчийн төрсөн охин У-ын Солонгос улсаас Монгол улсад ирэх зардал болох 2 сая төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн.

Хураангуйг бэлтгэсэн: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун