УИХ-ын дарга, гишүүдийн хамт Сэлэнгэ аймагт ажиллалаа

УИХ-ын даргаар ахлуулсан баг “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, хангах хүрээнд Сэлэнгэ аймагт ажиллаж Алтанбулаг чөлөөт бүс болон хөдөө аж ахуйн салбарын төлөөллийн иргэд, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр УИХ-ын даргын зүгээс Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр болов.
Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавин дээрх тогтоолыг Улсын Их Хурал баталсан юм.
Сэлэнгэ аймгийн хувьд улсын хэрэгцээт үр тарианы 50, төмсний 20, хүнсний ногооны 32 хувийг дангаараа хангадаг. Цаашид ч Сэлэнгэ аймгийн хөдөө аж ахуй, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл ханган нийлүүлэлт нэмэгдэх бодит хэрэгцээ байгаа юм. Мөн хилийн бүс нутаг тул импортын хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт ч тус аймгаар дамжин хийгддэг.
Энэхүү тогтоол хэрэгжсэнээр хүнс, хөдөө аж ахуйн салбарт бодлогын дэмжлэгүүд нэмэгдэж, салбарын хөгжилд ахиц үзүүлэх юм.