Чингис Хаан хаад язгууртны музейг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр
Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа манай улсын ард иргэд ээ
Даян дэлхий даяар тархан суугаа элэг нэгт Монгол ахан дүүс ээ
Эрхэм хүндэт зочид, нөхөд өө
…Энэ жил монголчууд бидний хувьд төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор Монгол туургатныг нэгтгэн, өнө эртнээс улбаатай Монгол төрийн гал голомтыг бадрааж, Мөнх хөх тэнгэрийн дор Их Монгол Улсыг байгуулан, Монгол үндэстний суу алдрыг дэлхий дахин тунхаглан мандуулсан Эзэн богд Чингис Хааны мэндэлсний түүхт 860 жилийн тэгш сайхан ой тохиож байна.
Их Эзэн Чингис хаан Монголын түүхэнд төдийгүй дэлхий ертөнцийн түүхэнд үнэлж барашгүй хувь нэмэр оруулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үндэс суурийг цогцлооход онцгой гавьяа байгуулсан агуу их Хаан юм.
…Өнөөдөр та бидний ард сүндэрлэн байгаа Чингис Хаан музей манай ард түмэн, бидний үр хүүхэд, ирээдүй хойч үеийн маань эх орон, өвөг дээдэс, үүх түүх, үнэт зүйлээрээ бахархаж, эх оронч үзлийг төлөвшүүлэх, дэлхий дахинаа эх орноо сурталчлан таниулах агуу түүхт Монгол Үндэстний оюун санаа, зүрх сэтгэл, итгэл үнэмшлийн хувьд нэгтгэн зангидах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд асар их үнэтэй хувь нэмэр оруулах болно.
…Ийнхүү дэлхийн мянганы суут хүмүүн Эзэн богд Чингис Хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан Монголын ард түмний олон зуун жилийн хүсэл мөрөөдлийн биелэл болсон Эзэн Богд Чингис Хааны хүндэтгэлийн өргөө-Чингис Хаан хаад язгууртны музейн өндөр үүдийг өргөн, алтан босгыг мялаан, албан ёсоор ёслол төгөлдөр нээж байна.
Мөнх тэнгэрийн хүчин дор Эзэн Чингис хааны суу алдар, сүр хүч монголчууд биднийг өнө мөнхөд ивээж байх болтугай.
Чингис Хааны музейн захирал, академич С.Чулуун: Их Монгол Улсыг үндэслэгч, дэлхийн суут хүмүүн хаадын хаан Эзэн Чингис Хааны мэндэлсний 860 жилийн түүхт ойн намрын дунд сарын шинийн 17-ны билэг төгс сайн өдрийн түмэн амгаланг айлтгая.
2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар Чингис хаан хаад язгууртны музей байгуулах түүхэн шийдвэр гарсан цагаас хойш гурван намрыг үдэж, өнөөдөр өргөн олон түмэндээ өв соёлынхоо дээжийг дэлгэн үзүүлэхэд бэлэн боллоо.
Монголын уудам талд мэндэлсэн талын баатрын хөвгүүн хүнд бэрхийг туулан ертөнцийг товхинуулан, амар амгаланг энхжүүлэн ёст төрийн голомтыг бадрааж, өнө мөнхөд орших агуу түүхийг бүтээж, хүмүүн төрөлхтөнд оньсого мэт нууцлаг, уул мэт хүчирхэг, мөрөн мэт амьдарсан хүмүүнийг Чингис Хаан хэмээн дэлхийн хүндлэн биширдэг юм.
Та бидний үнэт зүйл, зүрх сэтгэлийн минь шүтээн Их зээн хааны суу алдрыг бахархан дурсаж, сурталчлан таниулж, бишрэн дээдлэх соён гэгээрлийн их өргөөний нээлтэд хуран цугласанд баяртай байна.
Чингис хааны музей нь монголчуудын анхны төрт улс Хүннүгээс эхэлж, хоёр зууныг эрхшээсэн хүчирхэг эзэнт гүрний эвдрэл хагарал, эрхшээл бэрхшээлийг туулж, эцэг өвгөдийн үлдээсэн улс Монголоо эрхэмлэн XX зууны эхэнд үед цөхрөлтгүй тэмцэл, уйгагүй зүтгэл, цуцашгүй итгэлийн үрээр боломжгүйг давж, туурга тусгаар эртний түүхт энэ улсыг үлдээж өгсөн эрин үеийн бүхий л хааны бүрэн түүхийг тольдон үзүүлнэ.
Чингис хаан музей нь Монгол Улсын төрөөс нийгэм-соёлын салбарт сүүлийн 30 жилд хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт юм” гэдгийг хэллээ.
Их Эзэн Чингис хааны музей өнөөдөр албан ёсоор нээгдлээ. Нээлтийн ёслолын эхэнд Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос Чингис Хааны музейд залж байна.
Чингис Хааны музей нь
-Монголын эртний төрт улс /Хүннү, Сяньби, Жужан/
-Эртний нүүдэлчдийн төрт улс /Түрэг, Уйгар, Хятан/
-Их Монгол Улс
-Монголын их Эзэнт улс
-Чингис хаан угсаатны хаад язгууртны үе /XIV-XX/
-Дэлхий дахин ба монголчуудын танхим
-Их хааны хүндэтгэлийн өргөө гэсэн үзмэрийн танхимуудтай аж.
Чингис Хааны музей нийтдээ 12 000 орчим үзмэртэй бөгөөд 92 хувь нь эх хувилбар нь аж. Тус музей өнөөдөр албан ёсоор нээгдэж, маргаашнаас иргэдэд үйлчилж эхэлнэ. 16 хүртэлх насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. Харин насанд хүрэгчдэд 30 000, оюутанд 15 000, гэр бүлд 20 000 төгрөгөөр үйлчлэх юм байна.