ББСБ-уудын финтек зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцаа тогтоолоо

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар банк бус санхүүгийн байгууллагаас олгох финтек зээлийн бүтээгдэхүүнд тооцох өр, орлогын харьцаа тогтоох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тодруулбал, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ББСБ-аас олгох финтек зээлийн бүтээгдэхүүний хувьд зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөр нь сарын татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй байхаар хязгаарлалаа. ББСБ-ууд энэ оны эхний хагас жилийн байдлаар зөвхөн аппликэйшнээр олгосон 1,159,569 зээлдэгчийн 319.8 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа нь нийт зээлдэгчдийн 76.4 хувь, нийт зээлийн үлдэгдлийн 12.8 хувийг бүрдүүлж байна. Финтекээр нэг зээлдэгчид дунджаар 275.8 мянган төгрөгийн зээл олгосон нь уламжлалт зээлийн дунджаас 22.0 дахин бага байна. Энэ нь финтекээр олгож байгаа зээлийн хүртээмж хэр өндөр байгааг харуулж буй үзүүлэлт.

Финтек ББСБ-ууд богино хугацаатай, бага дүнтэй зээлийн зах зээл дээр голчлон үйл ажиллагаа явуулдаг бөгөөд санхүүгийн зах зээл дэх зохицуулалтын орчныг чангаруулах нь тухайн бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт үүсгэх нөлөөтэй хэдий ч нөгөө талд өр, орлогын харьцааг 70 хувиар тогтоож амьжиргааны наад захын хэрэгцээг хангах орлогыг зээлдэгчид үлдээх шаардлагыг тавьж байгаа нь зээлдэгчийг өрийн дарамтад оруулахаас урьдчилан сэргийлсэн бодлогын томоохон арга хэмжээ юм.

Санхүүгийн зохицуулах хороо нь тогтвортой санхүүгийн тогтолцоог хөгжүүлэхэд шаардлагатай бодлогын эрх зүйн орчныг бүрдүүлэх, нийтэд хүртээмжтэй, тогтвортой хөгжлийн төлөөх бодлого, үйл ажиллагааны шинэчлэл болон Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор банк бус санхүүгийн байгууллагуудад зориулсан байгаль орчин, нийгмийн хүчин зүйлтэй холбоотой эрсдэлийн удирдлагын журам боловсруулах үлгэрчилсэн зааврыг хуралдаанаар баталлаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.