Хуулийн төслүүдийг хуулийн төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэв. Байнгын хорооны гишүүдийн зүгээс Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “…нийслэлээс шилжин суурьших иргэн, аж ахуйн нэгжид олгох газар тухайн жилд нийт олгох газрын 20 хувиас доошгүй байхаар тусгасан байна…” гэж хатуу зохицуулах нь орон нутгийн газрын харилцаанд хүндрэл үүсгэж болзошгүй сануулаад хуулийн төслүүдийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэх болсон шалтгааныг тодруулав.

Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо хариултдаа, “Ирэх оны төсвийн тухай хуулийн төслүүд Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-той уялдаж буйгаараа онцлогтой. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, нийслэлээс орон нутагт амьдран суух зорилгоор шилжин суурьшиж буй этгээдийг дэмжиж нэг удаа газар эзэмших эрх олгох, газар олгох үйл ажиллагааг төрийн байгууллагуудаас цаг хугацаа алдалгүй богино хугацаанд олгох асуудлыг зохицуулах зорилгоор эдгээр хуулийн төслүүдийг боловсруулж, төсвийн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Ингээд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт хэлэлцэх шаардлагагүй. Засгийн газраас 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Газрын багц хуулийн төслийг хэлэлцэх үедээ хамтатган хэлэлцэх нь зүйтэй” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 76.9 хувь нь дэмжлээ.

Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.