ХӨСҮТ cүрьеэгийн далд халдварыг илрүүлэх “Интерферон-гамма“ тодорхойлох шинжилгээг нэвтрүүллээ

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг (СҮСН) нь Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-тэй хамтран 2020-2021 оны хооронд “Сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах нь” төслийн эхний шатыг KОЙКА-ийн иргэний нийгмийн хамтын ажиллагааны төслийн санхүүжилттэйгээр амжилттай хэрэгжүүлсэн.

Уг төсөл нь энэ оны дөрөвдүгээр сарын 11-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд сүрьеэгийн оношилгоонд дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэх бэлтгэл ажлууд бүрэн хангагдаж өнөөдөр “Улаанбаатар хотод хэрэгжүүлэх сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг сайжруулах” төсөл нээлтээ хийлээ.

Төслийн хүрээнд энэ оны дөрөвдүгээр улирлаас эхлэн сүрьеэгийн далд халдварын оношилгоог сайжруулах зорилгоор ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн үндэсний лавлагаа лабораторийг түшиглэсэн интерферон-гамма (IGRA) тодорхойлох шинжилгээг үндэсний төвийн түвшинд анх удаагаа нэвтрүүлж эхэлжээ.

Ингэснээр Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний хавьтал 0-18 насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох өндөр өртөгтэй шинжилгээг үнэ төлбөргүйгээр хийх боломжтой болж байна.

Шинжилгээ нэвтэрснээр тухайн насны бүлэгт хамаарах хүүхдүүд сүрьеэгийн халдварт өртсөн эсэхийг тодорхойлох, халдвар авсан тохиолдлыг сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хамруулах юм.