Ц.АНАНДБАЗАР: Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болсон талаар хоёр хоногийн өмнө мэдсэн

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болсон гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар тэрбээр тайлбар хийлээ. Тэрбээр “Хэрэг хэрэгсэхгүй болсон нь үнэн. Эрт хэрэгсэхгүй болгох байсан хэрэг. Энэ бол хэрэг биш. Зохион байгуулалттай, олон хүн оролцсон, олон тэрбум төгрөгийн захиалгатай гүтгэлэг. Үнэнээр явбал үхэр тэрэг гүйцэнэ гэдэг боллоо. Хэргийг хэрэгсэхгүй болсон талаар хоёр хоногийн өмнө мэдсэн. Хоёр удаа мэдүүлэг өгсөн. Энэ бол хуурамч шатахуунтай холбоотой дайралт байсан. Хуурамч шатахууныг байхгүй болгосны үр дүн над дээр ирсэн. Монголчуудын машиныг аварсны үр дүн. Болж өгвөл машинтай бол. 2008 оноос хойш хуурамч шатахууны асуудлыг зогсоосон. Машингүй хүн монголд алга. Шударга юм ярихаар хүний гүтгэдэг байдал нийгэмд бий болжээ.

Хохирогч гээд мэдээлэл өгсөн хүн нь шүүхээс хоёр жилийн тэнсэн харгалзах ял авсан гэсэн. Хүнийг гүтгэж болохгүй. Тайлбар тавихад бэрх асуудал байсан учир мэдээлэл өгөхгүй маш удаан явлаа. Ийм улстөржилтийг үнэн мөнөөр нь гаргаж өгсөн учраас хуулийн байгууллагад талархал илэрхийлж байна’ гэлээ.