Зайсан, Тэрэлж, Яармагийн орон сууцнуудаас татвар авна

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанаар газрын тухай багц хуулиар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн сард Газрын тухай багц хуулийг өргөн барьсан. Энэ хуулийг МАН-ын бүлэг дэмжсэн. Цаашид хэд хэдэн асуудал дээр анхаарах ёстой гэж үзэж байна. Энэ хуулийг хэлэлцэхдээ Барилга хот байгуулалтын хуультай хамтатган хэлэлцэж уялдуулах ёстой гэж үзсэн. Хоёрдугаарт, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой, гуравдугаарт, газрын бүртгэл сайжирч, газрын талаарх зөрчил маргаан цэгцэгдэх ёстой гэж дүгнэсэн” гэлээ.

Газрын тухай багц хуультай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Газар бол улсын үндэс. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол Улс нийт газар нутгийнхаа 0,04 хувийг өмчлүүлсэн байна. Цаашид хувийн өмчийн эрхийг баталгаажуулах чиглэлээр тодотгох шаардлага байна. Газрын харилцааны хуульд хамрагдахгүй иргэн байхгүй. Өнөөдөр 1,1 сая иргэн хуулийн этгээд газар эзэмших болон өмчлөх харилцаанд орсон байна. МУ-ын бүх хүнд хамаатай эрх зүйн харилцаанд шинэтгэл хийх гэж байна. Тусгай хамгаалалтай газар дээр отог барих нэрийдлээр хэдэн их наяд, хэдэн 100 мянган орон сууцууд ямар ч улсын бүртгэлгүй байна. Тухайлбал, Зайсан, Тэрэлж, Яармаг. Хамгийн үнэтэй баялгаа огт үнэ цэнэгүй байлгаж ирсэн. Өнөөдөр газрын 97-98 хувь нь татвар төлбөрөөс чөлөөлөгддөг. Үүнээс үүдэн үнэгүй олгож байгаа нэрийдлээр далд байдлаар эрх мэдэл бүхий хүмүүс газрыг үнэтэй зардаг. Эргээд орон сууц авч байгаа иргэддээ газрынхаа авлигыг шингээгээд өндөр өртөгтэй орон сууж баригдах нөхцлийг бий болгодог. Газрын багц хуулийн хүрээнд далд байгаа эдийн засгийн ил болгож, татвар авах эдийн засгийн хөшүүрэгтэй хамт шийднэ. Төрийн бүх байгууллагын дарга нар байгууллагын эзэмшил газрыг зарсан. Зөвхөн Улаанбаатарт давхардсан тоогоор 106 төрийн байгууллага өөрийн эзэмшил газар дээрээ нийтийн орон сууц барьж, зарсан. Судалгаа хийхэд Газрын хууль нь Иргэний хуультайгаа зөрчилдсөн учир хэрэгжилтийн явцад доголдол гарсан. Товчхон хэлэхэд, 600 мянган иргэн, хуулийн эдгээд газар эзэмших гэрчилгээтэй байна. Эзэмших эрхээ өмчилж байна гэж ойлгоод эрхээ шилжүүлдэг. Энэ нь газрын наймаа. Эзэмших эрх гэдэг ойлголт бусад улс оронд байдаггүй. Улаанбаатар хотын иргэд Богд уул, Туул гол руу гарч гарч чадахгүй байна. Нэг эзэмших эрхтэй байгууллага нь хашаа хатгачихсан. Тэгэхээр цаашид нийтийн эзэмшлийн газар луу хувийн өмчөөр дамжин өнгөрөх, хувийн өмчийн газар байсан ч газар доогуур инженерийн байгууламж барих эрхийг баталгаажуулна ” гэлээ.