ЗГ: Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Б.Болор-Эрдэнэ ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн гэдгээ өчигдөр орой нийгмийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгдсэн.  Түүний чөлөөлөгдөх хүсэлтийг өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэж байгаа юм байна.

Түүний хувьд өнгөрсөн жил олон улсын хуралдаанд оролцож байхдаа “Орост боловсрол эзэмшсэн, хоцрогдсон ахмад, дунд шатныхан төрийн ажлыг хурдтай явуулахад саад болсон. Энэ нь Ерөнхий сайд, Засгийн газрыг ажил хийхэд саад тотгор учруулсан” гэсэн үгийг хэлсэн нь шүүмжлэл дагуулсан юм. Олон нийт болон намын гишүүдийн зүгээс түүний энэ үгийг эзмэглэн хүлээн авч, ажлаа өгөх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв.

Дэд сайд бичлэг задрахтай зэрэгцэн тайлбар гаргасан ч  намын ахмад гишүүд нь хуралд оролцохдоо хэлсэн үгэнд нь эгдүүцэж МАН дотор бужигнаан үүсээд амжсан. Тэгвэл өчигдөр орой нийгмийн сүлжээндээ “Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ. Тиймээс би дэд сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүлснээ мэдэгдэж байна. Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү!!! Харин ч тэмцэнэ. Тэмцэхдээ илүү эрх чөлөөтэй тэмцэнэ! Илүү олон залуучуудтай хамт тэмцэнэ!  Өөрчлөлт өнөөдөр биш гэхэд маргааш заавал ирнэ. Өөрчлөлтийг өөр хандлагатай шинэ үе авчрах л болно” хэмээн бичжээ. Түүнийг ийнхүү бичих болсон нь өөрийн хүсэлтээр бус хуралд оролцохдоо онцолсон ахмад үеийнхэний шахалтаар ажлаа өгч байна уу даа гэсэн хардлагыг ч дагуулаад байна.