Б.Бямбасүрэн: Үсчин, гоо сайхны салбарын ажилчид хортой нөхцөлд ажиллаж байна

“Шилдэг мастер төв” холбооны тэргүүн Б.Бямбасүрэнтэй ярилцлаа

Сайн байна уу? Ярилцлагаа эхлэхээс өмнө уншигчдад өөрийгөө танилцуулаач

Намайг Буяндалайн бямбасүрэн гэдэг. Нийтийн ахуйн үйлчилгээний салбарт үсчин, гоо сайханч мэргэжлээр 25 жил ажилласан. Анх дагалдангаас эхлээд бүхий л шат дамжлагаар явж байна. Туслах үсчин, үсчин, салоны менежер, компаний захирал, төвийн тэргүүн болтлоо явсан. Анх 2008 онд өөрийн “Byambaa’s” салоноо нээснээс хойш 2019 он хүртэл дөрвөн салбартай болж өргөжиж байсан. Одоо “Шилдэг мастер төв” /Top master’s center/ холбоогоо авч явж байна.

Та өргөжиж байсан гэлээ. Одоо салбарууд нь ажиллаж байгаа юу?

2019 онд татан буулгасан.

Нууц биш бол яагаад татан буулгасан талаараа ярьж болох уу?

Нуух юу байхав. Байгууллагын менежментийн ойлголт болон хууль эрх зүйн мэдлэг дутуу байдлаасаа л болсон доо. Бидэнд чинь төрийн болон төрийн бус байгууллагын ямар нэг дэмжлэг ирдэггүй шүү дээ. Энэ талаар ч мэдлэг мэдээлэл хомс байлаа. Энэ салбарын хөгжүүлэлт дээр сургалт, судалгааны ажил маш хомс байдаг. Улмаар салбарт маань дэмжлэг хэрэгтэй байгааг маш сайн ойлгож авсан. Тийм ч учраас энэ төвийнхөө үйл ажиллагааг салбарынхаа асуудлыг шийлдвэрлэхэд чиглүүлэн ажиллаж байна.

Та бүхэн салбарынхаа асуудлыг шийдвэрлэх тал дээр ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

Салбарын асуудлаа шийдвэрлэхэд ганц миний амьдралын туршлага хангалтгүй л дээ. Тийм учраас эхлээд статистикийн төв газраас салбарын мэдээ мэдээллийг цуглуулж авах гэж үзсэн. Гэтэл тэр байгууллагад байгаа мэдээлэл маш хангалтгүй байлаа. 2021.11.20-ны байдлаар улсын хэмжээнд ердөө 330 салон бүртгэлтэй байсан. Эндээс нэг зүйл харагдаж байгаа юм. Манай салбарт анхаарч ажиллах нь битгий хэл үйл ажиллагаа явуулдаг нийт салонуудын судалгаа ч байдаггүй юм байна. Тэгэхээр бид эндээс ажлаа эхлэх шаардлагатай болсон. Ингээд манай холбооны хамт олон 21 аймаг, 9 дүүргээрээ тойрч салбарынхаа бодит судалгааг хийж эхлээд байгаа юм.

Судалгаа нь одоо хэдэн хувьтай явж байгаа вэ?

Бид 2022.02.22-ны өдрөөс эхлэн судалгааны ажлаа эхлүүлсэн. Баруун таван аймагруугаа эхлээд хөдөллөө. Хамгийн эхэнд Баян-Өлгий аймгийн салбарынхантайгаа уулзалт хийсэн юм. Бидний төсөөлсөн шиг их хүн оролцоогүй ч хангалттай мэдээлэл авч чадсан. Наашлаад Ховд аймагт ирсэн байдаг. Гэтэл тэнд бас асуудал үүссэн. Салбарын хүмүүсээ цуглуулах гэтэл “Үсчин, гоо сайханчдын холбоо”-ны Ц.Цогзолмаагийн зөвшөөрөлгүйгээр ямар ч хүмүүстэй уулзах боломжгүй гэсэн хариу авлаа. Тэгэхээр нь би Ц.Цогзолмаа даргатай яриад учир шалтгаанаа хэлтэл “Чи битгий бидний арай гэж нэгтгэж авсан орон нутгийн хүмүүс дээр хуваагдал үүсгээд бай” гэдэг юм байна. Уг нь бол эднийхээ дунд хуваагдал үүсгэх гэсэн юм биш шүү дээ. Энэ салбарт шийдэх ёстой олон асуудал байгаа. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах л гэсэн юм. Гэтэл холбооны гишүүд маань хоорондоо ойлголцохгүй байгаа нь ч манай салбарын асуудал болжээ. Тиймээс “энэ асуудлыг ч бид засах хэрэгтэй юм байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ямар ч үед нэг зүйл ойлгомжтой байдаг. Тэр бол Үсчин, гоо сайхны салбарынхан хоорондоо маш сайн ойлголцож, хамтдаа хөгжих ёстой гэдэг нэг зүйл.  За энэ асуудлыг орхиод цаашлъя. Хэдий тийм асуудал гарсан ч бид уулзалтаа хийгээд наашаа Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай, Сэлэнгэ, Зүүнхараа, Хэнтий, Багануураар явж байна. Энэ хооронд тодорхой асуудлууд үүсч байсан ч аль болох боломжоороо шийдвэрлээд ирсэн. Цаашид үлдсэн аймгуудаараа явах төлөвлөгөөтэй байна. Ерөнхийдөө 30 хувьтай явж байгаа. Цаашид нилээн эрчимтэй ажиллах төлөвлөгөөтэй байна. Маш олон мэдээлэл бидэнд цуглаж эхэлсэн. Олон ч асуудал энэ салбарт бугшсан байгааг бид олж харсан. Эдгээрийг салбарынхантайгаа хамтарч шийдвэрлэх болно.

Олон асуудал бугшсан байна гэлээ. Тухайлбал яг ямар асуудлууд тулгамдаад байгаа бол?

Бид аймгуудаар тойрохдоо асуудлуудаа сонсоод явж байна. Салбарынхан маань үнэхээр тулгамдсан асуудлаа нээлттэй ярьж байна л даа.

Жишээлбэл?

Хамгийн эхэнд хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох асуудал яригдаж байна. Мөн шагнал урамшуулал, тэмцээн уралдааны шүүлт, Ковид гэх мэт онцгой нөхцөл байдалд салбарын эрх ашиг хангагдаагүй, салбар дундын туршлага солилцоо байхгүй, мэргэжлийн болон бусад дэмжих мэргэжлийн хүний нөөц хомсдолтой, салоны менежмент, хүний нөөц, санхүү, маркетинг зэрэг нарийн мэргэжлийн цогц сургалт огт байдаггүй зэрэг асуудлууд яригдаж байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд та бүхэн хэрхэн анхаарч ажиллах вэ. Төлөвлөгөө байна уу?

Бид хамгийн бодит өөрчлөлтийг авчрах ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Тухайлбал салбарынхандаа шаардлагатай дутуу мэргэжлийн сургалтуудыг эрчимтэй явуулья. Жишээ нь: Үс залгаа, Буржгар, шулуун химний шинэ техник болон бүтээгдэхүүний сургалт, Өдөр тутмын үс засалт, тайралт, будаг зэрэг сургалтуудыг явуулья. Энэ талын сургалтууд үнэхээр дутагдаж байгааг салбарынхан маань ярьж байна. Орон нутагт очиж байгаа сургалтууд ихэвчлэн бүтээгдэхүүн борлуулт болон тэмцээний техникийн сургалтууд явж байгаа. Яг үнэндээ эдгээр нь хүмүүсийн ур чадварыг дээшлүүлэхэд дэндүү хангалтгүй байгаа гэдгээ илэрхийлж байсан юм. Тиймээс сургалт, судалгааны ажлыг сайн явуулах ёстой юм байна. Түүгээр зогсохгүй хамтын ажиллагааг сайжруулах технологийн шийдэл хэрэгтэй байсан. Улмаар бид салбар хоорондын хамтын ажиллагааны www.topmastercenter.com цахим хуудсанд салбарынханаа нэгтгэж эхлээд байгаа юм. Уг сайт дээр хүмүүсийнхээ танилцуулгыг бүрэн оруулна. Өнгөрсөн хугацаанд авсан шагнал, урамшуулал, зэрэг дэвийг тодорхой оруулж байна. Түүгээр зогсохгүй үйлчлүүлэгчид эдгээр хүмүүст өөрсдийн үнэлгээг өгч болдог шинэ шийдэл ч оруулахаар ажиллаж байгаа юм. Энэ нь эргээд шагнал урамшуулал олгоход ямар нэг асуудал гарахгүй болов уу гэж хараад байна.

Та бүхэн үнэхээр их ажлыг эхлүүлээд байгаа юм байна. Та нарын хийж байгаа зүйл энэ салбарын асуудлыг шийдвэрлэхэд хэр нөлөөлж чадна гэж бодож байгаа вэ? Таны хэлснээр төр, хувийн хэвшлийнхний дэмжлэгийг бага авдаг салбар шүү дээ.

Тиймээ. Дэмжлэг бага байж болно. Хэрэв бид хоорондын харилцаагаа сайжруулж хамтарч ажиллаж чадвал эдгээр асуудлыг шийдвэрлэхэд хэцүү биш болов уу.

Ямар ч байсан эхний ээлжид судалгааны ажлаа дуусгаж нийгэмд энэ салбарт маш олон хүн ажиллаж байгаа шүү гэдгийг харуулна. Энэ салбарт Маш олон хүний амьдрал явж байдаг гэдгийг ойлгуулна. Энэ салбарынхан хортой нөхцөлөөр тэтгэвэрт гардаг тогтолцоог бий болгох ёстой гэдгийг салбарын яам, тамгын газарт нь хүргэж ажиллана. Дээр дурдсан бүх асуудлыг шат дараатай шийдвэрлэнэ гэдэг эээ энд итгэлтэй хэлье. Манай салбарынхан цөөхүүлээ биш. Бид хамтраад асуудлаа шийдвэрлэж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

Бидний ярилцлага энд хүрээ өндөрлөж байна. Та бүхний ажилд амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхний ажилд ч бас амжилтын дээдийг ерөөе