Шатахуун тээвэрлэж явсан машин замын хажуу руу унаж, хоёр хүн амиа алджээ

Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн “Ботгоны хавцал” гэдэг газар ачааны машин замын хажуу руу унаж, машины бүхээгт хоёр хүн хавчуулагдан нас баржээ.

Энэ тухай дуудлага өчигдөр 19:23 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Баян-Өлгий аймгаас Баянхонгор аймгийн чиглэлд шатахуун тээвэрлэж явсан ”Норд Бенз” загварын ачааны автомашин замын хажуу руу унаж, жолооч А /51 настай, эрэгтэй/, зорчигч Ш /44 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгт хавчуулагдаж нас барсан байжээ. Тэдний цогцсыг гарган, аймгийн тээврийн Цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.