Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан эх оронч үзэл төлөвшүүлэх зорилго бүхий “Бидний бахархал” төслийн Чингэлтэй дүүрэг дэх нээлт өнөөдөр 149 дүгээр сургуульд боллоо. Уг төслийн хүрээнд Чингэлтэй дүүрэгт зохион байгуулагдах үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцан ажиллаж байна. “Бидний бахархал” төсөл нь ахлах ангийн сурагчдад улс орноо хайрлах, тусгаар тогтнол, эх хэл, үндэсний түүх, соёлоороо болон Монгол хүн болж төрснөөрөө бахархах итгэл, үнэмшлийг төрүүлэх, эрх чөлөөний үнэ цэн, учир холбогдлыг таниулах, эх оронч үзэл төлөвшүүлэх зорилготой юм.
Тус төсөлд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиуд болон их, дээд сургуулиудын оюутнууд шат дараатайгаар хамрагдана. Нээлтийн үйл ажиллагааны үеэр Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор, бэлтгэл хурандаа Б.Галиндэв, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн цэргийн түүхийн төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар нар эх оронч үзэл, тусгаар тогтнол, эрх чөлөөний талаар лекц уншиж, сурагчдад мэдээлэл өгснөөс гадна сонирхсон асуултад нь хариуллаа.
Мөн төр, ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүх, үе үеийн эх орончдын байгуулсан гавьяа, цэрэг эрсийн зэвсэг хэрэгслийг сурагчдад сурталчлан таниулах зорилгоор “Монгол цэргийн музей”, “Мөнхөд дурсагдах баатрууд” ТББ-ын үзмэрүүдийг тус тус дэлгэсэн нь тэдний сонирхлыг татаж, эх орон, тусгаар тогтнолоороо бахархах сэтгэгдэл төрүүлснийг хэлж байв. Тус үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн засаг даргын орлогч Д.Отгонбаатар, Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн бэлтгэл хурандаа Ж.Бумнанжид, ахмад дайчин Ц.Чимэдцэрэн, 149 дүгээр сургуулийн захирал Э.Пүрэвсүрэн, ШШГЕГ-ын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бадамсамбуу, Эмнэлгийн мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Ч.Лхамсүрэн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын төлөөлөл оролцлоо.