БНХАУ-ын Гадаад Хэргийн яам Нүүрсний хулгайн хэргийг илрүүлэхэд БНХАУ Монголд туслахад бэлэн гэжээ

Хятадын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин өчигдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр “Хятад улс Монгол Улсад нүүрсний хулгайн гэмт хэргийг илрүүлэхэд туслахад бэлэн байна” гэж мэдэгджээ. Тэрбээр “ТАСС” агентлагийн сэтгүүлчийн тавьсан асуултад хариулахдаа “Хэрэв Монголын эрх баригчид хүсэлт ирүүлбэл Хятад руу экспортолж буй нүүрсний хулгайн гэмт хэргийг шалгахад Монголын Засгийн газарт туслахад бэлэн байна” гэсэн байна.

Тодруулбал, найрсаг хөрш орны хувьд Монголын Засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх арга хэмжээ авч чадна гэдэгт итгэлтэй байна. Монголын талаас хүсэлт гаргавал БНХАУ-ын эрх бүхий байгууллагууд хуулийн дагуу шаардлагатай тусламжийг үзүүлнэ гэжээ.

Дашрамд дуулгахад, нүүрсний хулгайн асуудалд Монгол хүчээ авч, ард түмэн нь хулгайчдын нэрийг зарлаж хариуцлага тооцохыг шаардсан жагсаал гурван өдөр үргэлжилсэн. Төрийн тэргүүн болон Ерөнхий сайд нар ч хулгайн асуудлаар “хөдлөөд” эхэлсэн. Тиймээс ч ард түмэнд нээлттэй байдлаар нээлттэй сонсгол хийхээр болсон байгаа. Өнөөдөр нээлттэй сонсголыг хэзээ хийх вэ гэдэг асуудлыг тодорхой болгож шийдэх ажээ.