“Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрийн оролцогчдод батламж гардууллаа

УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хүүхэд, залуучуудад парламентын боловсрол олгоход чиглэсэн “Парламентын боловсрол” хөтөлбөрийг 2021 оноос амжилттай хэрэгжүүлж байгаа билээ.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Парламентын Боловсрол-Сургагч багш” дэд хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа.

Уг дэд хөтөлбөрийг 2022 оны 08 дугаар сараас эхлэн дөрвөн сарын хугацаанд зохион байгуулсан бөгөөд хөтөлбөрт нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын 62 сургууль болон дэлхийн 21 улс оронд үйл ажиллагаа явуулж буй 61 монгол сургуулийг төлөөлсөн 102 багш хамрагдсан юм.

“Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрт амжилттай оролцсон багш нарт батламж гардуулах ёслолын ажиллагаа 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, УИХ-ын Тамгын газрын дэд дарга, “Парламентын боловсрол” хөтөлбөрийн Үндэсний зохицуулагч С.Батбаатар, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, Нийслэлийн боловсролын газрын дарга Т.Амартүвшин, Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Б.Батжаргал болон тус хөтөлбөрт оролцсон багш нар, зарим ерөнхий боловсролын сургуулийн удирдлага оролцсон юм.

Монгол Улсын Их Хурал болон УИХ-ын Тамгын газрын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан “Парламентын боловсрол”-ын хөтөлбөр боловсруулах, парламентын сургалтын танхим байгуулах, цахим хуудас ажиллуулах зэргээр парламентын боловсролыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар тусгасан. Дэлхийн улс орнуудад ч парламент нь өсвөр үеийнхэн, залуучуудад ардчиллын суурь мэдлэг олгох, хууль тогтоох үйл ажиллагааны мөн чанарыг ойлгуулах, нийгмийн хариуцлагатай, оролцоотой иргэнийг төлөвшүүлэхэд анхаарч парламентын боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг сайн жишиг бий.

УИХ-ын Тамгын газраас өсвөр үеийнхэнд зориулан боловсруулж, хэрэгжүүлж байгаа “Парламентын боловсрол” хөтөлбөрөөр ардчиллын мөн чанар, парламентын засаглалын онцлог, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагаа, хууль тогтоомжийг хэрхэн боловсруулж, баталдаг, мөн түүнийг хэрэгжүүлэхийн утга учрын талаарх мэдлэг олгох, шийдвэр гаргахад оролцох чадвартай, хүний эрхийн мэдрэмжтэй, нийгмийн хариуцлагатай иргэнийг төлөвшүүлэхийг зорьж байгааг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хууль зүйн ухааны доктор Л.Өлзийсайхан үйл ажиллагааг  нээж хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.

Тэрбээр, “Парламентын боловсрол-Сургагч багш” хөтөлбөрийн хүрээнд “Парламентын боловсрол” хөтөлбөрийг нийслэл, дүүргийн боловсролын газар, хэлтэс, сургуулиудад танилцуулах, парламентын боловсрол олгох сургагч багш бэлтгэх арга зүйн сургалтыг зохион байгуулах, сургагч багш нарын сүлжээ үүсгэх, багш нарт мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, сургагч багш бэлтгэх сургалтын модуль боловсруулах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах сургагч багш нарын сүлжээ бий болж, харилцан туршлага солилцох механизм бүрдүүлэх эхлэлийг тавьж буйгаараа онцлог гэв.

Дэд хөтөлбөр хэрэгжсэн дөрвөн сарын хугацаанд багш нарын дунд “Хамтран суралцахуй”, “Идэвхтэй сургалт ба сурахуй”, “Мэтгэлцээний арга зүй” сэдвийн хүрээнд 3 удаагийн арга зүйн сургалтыг зохион байгуулжээ. Мөн сургагч багш нар болон харьяа сургуулиудын 700 гаруй сурагчийг Төрийн ордонтой танилцах аялалд хамруулсан байна.

“Парламентын боловсрол-Сургагч багш” батламж гардуулах ёслолын арга хэмжээний үеэр шилдэг багш, шилдэг багуудыг тодруулж, урамшууллаа. Шилдэг багшаар нийслэлийн 23 дугаар сургуулийн багш Л.Мишигжав (92.1 оноо), нийслэлийн 141 дүгээр сургуулийн багш Б.Баярмаа (89.7 оноо), нийслэлийн 14 дүгээр сургуулийн багш Д.Дэлгэрмаа (88.3 оноо) тус тус шалгарч, гадаадад парламентын боловсролын талаарх туршлага судлах хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнуулав.