Улсын хэмжээнд 500 ААН-ийн удирдлагад албан паспорт олгох төсөл өргөн барилаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа нар хувийн хэвшлийг дэмжих УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр /2022.12.16/ өргөн барьж, мэдээлэл хийв. Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Тогтоолын төслийн гол агуулга нь аж ахуйн нэгжүүдийн удирдлагад албан паспорт олгох тухай асуудал. Аймаг бүрийн хамгийн их татвар төлсөн 10, нийслэлийн 90, дээр нь Монголын Улсын хэмжээнд 200 аж ахуйн нэгжийн удирдлагад нийтдээ 500 албан паспорт олгох тухай асуудал юм. Жишээ нь, Ховд аймагт татвар төлөлтөөрөө эхний 10-т жагссан ААН-ийн удирдлагад ногоон паспорт олгоно гэсэн үг.

Энэ аж ахуйн нэгжүүд Монгол Улсын хөгжилд маш том хувь нэмэр оруулж байгаа. Тиймээс тэдэнд чөлөөтэй зорчих, бизнесээ хурдан шуурхай үргэлжлүүлэхэд нь боломж олгох зорилгоор энэ тогтоолын төслийг өргөн барьж байна. Ингэснээр ААН-үүд татвараа сайн төлөхийн төлөө өрсөлдөнө. ААН-үүдээ дэмжиж байж, Ковидын дараах эдийн засгийн шинэ нөхцөл байдалд хурдан орно” гэсэн тайлбарыг өглөө.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Энэ бол зөвхөн паспортын асуудал биш. Төрөөс хувийн хэвшлийг дэмжих дэмжлэгийн эхлэл болно. Хувийн хэвшлийнхэн сэтгэл гундуу байна. Бизнес хийхэд дарамттай, бизнес эрхлэгчдийг гадуурхдаг хандлагатай болсон учраас төр баялаг бүтээгчдээ бодтитоор дэмжих ёстой.

1990 онд монголчуудад гадаад паспорт өгч, бид зах зээлийн хүнд хэцүүг давж байсан. Харин одоо бизнес эрхлэгчдийг гадагшаа яваад хөрөнгө оруулалт, шинэ техник технологи, бизнесийн шинэ санаа олоод ирээ гэсэн эерэг алхам юм. Төрийн албан хаагчид зөндөө явсан, хулргайтайгаа тэмцээд эндээ байх хэрэгтэй. Төрийн албан хаагчид гадаадад явснаар Монгол Улс хөгжсөнгүй. Монгол Улсыг бизнес эрхлэгчид л хөгжүүлж байна. Тиймээс төр хувийн хэвшлээ дэмжих нь зүйтэй. Тэдэнд яаралтай гадаад явах боломжийг нь олгох ёстой” гэж ярилаа.

Албан паспорт хоёр жилийн хугацаатай олгогддог юм.