“ЭТТ” ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг хорих хугацааг нэг сар сунгажээ

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албаны дарга С.Энхтөр, “Сагсайс Редер” ХХК-ийн захирал С.Энхтүвшин нарыг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорих прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Хэргийн талаар эргэн сануулахад “Эрдэнэс таван толгой ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан байдаг юм.