Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д хуралд өргөн барина

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн  Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д хуралд өргөн барих аж.  Төсвийн байнгын хороо сүүлийн гурван сарын хугацаанд 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм байна.

Хуулийн төсөлд төсвийн төлөвлөлт, төсвийн ил тод байдалд онцгойлон анхаарч жил бүр боловсруулсан төсөлтэй танилцах, хэлэлцэх асуудалд олон нийтийн санал авахаас гадна, хяналт тавих боломжтой болгох тухай тусгажээ.

Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд татварын ялгавартай бодлогоор хөдөө, орон нутагт бизнес эрхэгч хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зохицуулалтыг тусгасан байна.

Өмнө нь  төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь есөн гишүүнтэй орон тооны бус, цалин авдаггүй байсан бол одоо тус зөвлөл нь долоон гишүүнтэй  байх бөгөөд Төсвийн байнгын хороо шалгаруулж томилж, чөлөөлөх аж. Зөвлөлийн гишүүн нь улс төрөөс хараат, давхар ажил эрхлэхгүй төрөөс цалинжихаар  хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ.

УИХ-ын 24 нэр бүхий гишүүн дэмжихээ илэрхийлжээ

Мөн тус хороо “Төсвийн тухай хууль”, “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль”, “Хууль тогтоомжийн тухай хууль”, “Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль”, “УИХ-ын сонгуулийн тухай хууль”, “Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хууль”, “Өрийн удирдлагын тухай хууль”, “Төрийн аудитын тухай хууль”, “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”, Монгол Улсын Их Хурлын тухай хууль”, “Ирээдүй өв сангийн тухай хууль”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль”, “Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай”, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай хуулиудад” зэрэг 14 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах аж.