Намрын чуулган хаалтаа хийлээ

УИХ-ын 2022 оны намрын ээлжит чуулганыг хаалаа.

Намрын чуулганаар УИХ-ын гишүүд 78 өдөр чуулж, 32 удаа хуралдаж, 180 асуудал хэлэлцсэн байна. Бие даасан хууль 18, нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль 271, УИХ-ын тогтоол 38-ыг баталжээ. Мөн эмийн чанар, хил, боомт нүүрс тээвэртэй холбоотой, Хөгжлийн банкны асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж, хэлэлцүүлэг, сонсгол зохион байгуулсан.

УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Намрын чуулган тавьсан зорилгоо хэрэгжүүллээ гэж хэлж болохоор байна. Гэхдээ улс, орны нийгэм, эдийн засгийн байдал амаргүй. Авлига албан тушаалын гэмт хэрэг илрүүлэх, хариуцлага тооцох, ядуурал ажилгүйдэл, үнийн өсөлт, орлогын хомстолыг арилгах шаардлагыг ард иргэд тавьж байна. Өнгөрсөн 30 жилийн туулсан зам, ололт, амжилт алдаа дутагдлаа эргэн харж, алдаа буруу байвал засах Монгол Улсын шинэ эргэлтийг эхлүүлэх түүхэн хариуцлага та бидэнд оногдож байна.

Чуулган завсарласан хугацаанд УИХ-аас ард түмнээ сонсох аяныг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс УИХ-ын гишүүд тойргоор хязгаарлагдахгүй ард иргэдтэй уулзаж, тэдний санал бодол, байр суурийг сонсож, тулгамдсан асуудалд гарц гаргалгааг олж шийдэх тухай хэлэлцэх хэрэгтэй. Шүүсийг нь шахаж, бөөсийг нь түүсэн хууль хэрэгжүүлэхийн тулд ард иргэдтэйгээ уулзах ёстой. Гэхдээ цар тахлаас болж назгайрсан байна.

Ард түмний илч төлөөлөгчид болсон УИХ-ын гишүүд онцгой хариуцлагатай, идэвхтэй байхыг урьдчилан тэмдэглэе. УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Ингээд та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэж, тойрогтоо ажиллаж ард түмнээ сонсож өөрчлөлт шинэчлэлтийн төлөө ихийг бүтээхийг хүсье” гэлээ.