Өнгөрсөн амралтын өдөр АНУ-ын Хуульзүйн яамны ажилтнууд тус улсын Ерөнхийлөгч Жо Байдены гэрийг нэгжжээ. Түүний гэрт хууль сахиулагчид 13 цагийн туршид нэгжлэг хийж дахин зургаан нууц баримт бичиг олсон гэж өмгөөлөгч Боб Бауэр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Нэгжлэг хийх үеэр олдсон зарим баримт бичгүүд нь Байденыг сенатч байх үед, өөр баримт бичгүүд нь түүнийг дэд ерөнхийлөгч байх үед хамааралтай аж. Нэгжлэгийн үеэр “хувийн гараар бичсэн тэмдэглэлүүд”, “дагалдах материалууд” олдсон гэж өмгөөлөгч өгүүлсэн бөгөөд энэ үеэр Байден болон түүний эхнэр байгаагүй гэнэ.
Америкийн Ерөнхийлөгч мөрдөн байцаагчдыг орон байрыг нь бүхэлд нь нэгжиж, түүнийг дэд ерөнхийлөгч байх үеийнх нь үйл ажиллагаатай холбоотой баримт бичгүүд эсвэл нууц баримт бичгүүд байгаа эсэхийг шалгахыг зөвшөөрсөн аж.
Сануулахад: Өнгөрсөн долоо хоногт Байдены гэрээс “нууц” гэсэн тэмдэгтэй таван хуудас баримт бичиг олсон нь ихээхэн шуугиан тарьсан юм.
Үүнээс өмнө, өнгөрсөн оны 11 дүгээр сард Жо Байдены хуульчид түүний Вашингтон дахь “”Пенн-Байден” дипломат, олон улсын хамтын ажиллагааны төв дэх өрөөний шүүгээнээс нууц баримт бичгүүд олсон гэх мэдээлэл энэ сарын эхээр цацагдаж байв. Эдгээр баримт бичгүүд нь Байденыг дэд ерөнхийлөгч байх цаг үед хамаарах аж.