Нийгмийн даатгалын байцаагч хууль бусаар 38 хүнд тэтгэвэр олгосон хэргийг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт нийт 233 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэв.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын Нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан М эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглажээ.

Улмаар тус сумын тэтгэвэр тогтоогдоогүй 38 иргэнд тэтгэвэр олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хөвсгөл аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
2.Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.