Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцжээ

УИХ-ын дэд даргын албан тушаалаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын суудлаар сольсон Т.Аюурсайхан өнгөрсөн долоо хоногт АТГ-т очиж яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцжээ.
“Нүүрсний” гэх хэргийг шалгаж буй тагнуул, цагдаа, АТГ-ын хамтарсан ажлын хэсгийнхэн түүнийг яллагдагчаар татах санал НПГ-т хүргүүлээд буй билээ. Прокурорын ажлын хэсгийнхэн Т.Аюурсайханыг Эрүүгийн хуулийн 22.1-3-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” хэмээн яллагдагчаар тооцох тогтоол баталж, түүнд танилцуулахыг мөрдөгчдөд даалгасан аж. Үүний дагуу тэрбээр өнгөрсөн долоо хоногт АТГ-т очиж уг тогтоолтой танилцан гарын үсэг зураад явжээ. Гэхдээ ямар ч мэдүүлэг, тайлбар өгөөгүй юм байна.
Сануулахад: Нүүрсний хэрэгт холбогдоод буй Ж.Мөнхбат өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс бүр мөсөн чөлөөлөгдөх хүсэлтийг хүргүүлээд байгаа билээ. Түүний хүсэлтийг хаврын чуулганаар хэлэлцэх юм.