Ерөнхий найруулагч, бүжиг дэглээч Ц.Цолмонбудын санаачилгаар бүх насныханд зориулсан “Lala Land” медиа арт, энтертайнмент, драма балетын бүжгэн жүжиг өнгөрсөн зун манай улсад тоглогдсон. Тухайн тоглолт Монголд төдийгүй дэлхийн балетын түүхэнд цоо шинэ хуудас нээж, үзсэн хүн бүхнээс өндөр үнэлгээ авсан билээ. Тэгвэл энэ сарын 13, 14-нд дахин тоглогдох гэж байна.
Тус тоглолтыг Оскарын шагналт “Lala Land” киноноос сэдэвлэн бүтээсэн бөгөөд “Lala Land” киноны хөгжмүүдийг албан ёсны эрхтэйгээр тоглуулж, хөгжмийн найруулгыг нь шинэчилж, бүжгийн найруулга, дэглэлт шинээр тавьж, балетын урлагийг медиа арт, холограм, драмтай хослуулан, энтертайнмент балет хэлбэрээр тайзнаа амилуулж байгаагаараа томоохон онцлогтой юм. Мөн БНСУ-аас балетын тэргүүн гоцлоочид ирж, Монголын шилдэг балетчидтай хамтран тоглох аж.
Тус тоглолтыг санаачлан зохион байгуулж байгаа “Элит балет” компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий найруулагч бүжиг дэглээч Ц.Цолмонбуд өмнө нь Монгол, Япон, БНСУ-д тэргүүн гоцлоочоор ажиллаж байв.
Сонирхуулахад, тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Steppe Arena” буюу “Мөсөн өргөө” спорт цогцолборт гурван өдөр “Шелкунчик ба гайхамшгийн орон” дэлхийн алдарт сонгодог балетыг технологийн дэвшил, медиа арт урлагтай хослуулан тайзнаа амилуулж, 4000 гаруй үзэгчид хүргэсэн билээ.