ЭМД-ын санд хохирол учруулсан байж болзошгүй эмийн сангуудын гэрээг түр хугацаагаар түдгэлзүүлжээ

ЭМДЕГ-аас Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь гэрээт эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олгож буй үйл ажиллагаанд 1 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар тус сумын Гавшгай, Жаргалан, Яггүг эмийн сангууд нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, харьяаллын бус эмч нараар иргэдийн зовиур, насанд тохироогүй өндөр үнэтэй эмийг зохиомол оношоор бичүүлэн олгож, ЭМДҮЗ-ийн тогтоолоор батлагдсан эмийн жагсаалтад байхгүй эмийг орлуулан өгдөг, бар кодыг цахим системд гараар сольж оруулсан зэрэг зөрчлийг илрүүлсэн байна.
Тодруулбал, Дээрх эмийн сангуудын ажилтан болон хамаарал бүхий этгээд нар Орхон аймгийн БОЭТ-ийн эмч Х.Э-ээр өндөр үнэтэй эмийг олон удаагийн давтамжтай бичүүлэн, эмийн жорыг 3 минутын дотор олгосон. Мөн Улаанбаатар, Дорноговь, Завхан, Говь-Алтай аймагт бичсэн жорыг 3-60 минутын дотор Сайхан сумын эмийн сангуудаас эм тогтмол авсан, нэг даатгуулагч 4 нэр төрлийн 2246 ширхэг эмийг 10 сарын турш уусан нь өдөрт 7-8 ширхэг эмийг тогтмол уусан зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүлжээ.
Улмаар зөрчил гаргасан нэр бүхий эмч нарын цахим жор бичих эрхийг хасаж, Гавшгай, Жаргалан, Яггүг эмийн сангуудын даатгалын гэрээг түдгэлзүүлэн, хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн байна. Мөн дээрх эмийн сангийн 2022 оны эмийн орлогын баримттай даатгалын сангаас олгосон эмийн тоо ширхгийг тус бүрээр тулган шалгаж, санд учруулсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоохоор ажиллаж байгаа аж.