Тээврийн хэрэгсэлд RFID чип суурилуулах ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ

Гуравдугаар сарын 1-нээс нийслэлийн замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулах ажлыг эхэлнэ.

Улсын хэмжээнд орон нутагт 470 орчим мянга, нийслэлд 650 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Эдгээрээс эхний ээлжинд замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож буй нэг сая тээврийн хэрэгсэлд RFID чип буюу тээврийн хэрэгслийн техникийн хяналтын цахим гэрчилгээг суурилуулна.

Улаанбаатар хотын хэмжээнд 161 цэгт RFID уншигчийг суурилуулж байна. Иргэдэд ямар нэгэн хүндрэл, бэрхшээл учруулахгүйгээр бүртгэлийн цэгийг техникийн хяналтын үзлэгийн төв, нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв, томоохон худалдааны төвүүдийг түшиглэн байгуулна.

Харин орон нутагт олон улс, улсын чанартай зам дагуу байрлаж буй нийт 33 төлбөр авах цэгийг цахимжуулах ажлыг энэхүү төслийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Тухайн тээврийн хэрэгсэл эзэмшигчээс ямар нэгэн санхүүгийн зардал гаргахгүйгээр суурилуулж өгнө.

Чипийг үнэгүй суурилуулах бөгөөд цаашид импортоор орж ирэх тээврийн хэрэгсэлд гааль дээр RFID чипийг төлбөрөө төлөн наалгах юм.

Монгол Улсын хэмжээнд нийт тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч нарын 21 орчим хувь нь л торгуулиа төлдөг, 62 хувь нь тээврийн хяналтын үзлэг, татвар, даатгалаа төлж байна. Үлдсэн 40 хувь замын хөдөлгөөнд оролцож байгаа эсэх нь тодорхой бус, хяналтгүй байна. Тэгэхээр үүнтэй холбоотой бүх асуудлыг энэ системээр шийдэх боломжийг бүрдүүлнэ.

RFID технологи хэрэгжиж эхлээд л маргаашаас нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хорино гэсэн ойлголт нийгмийн сүлжээнд явж байна.  Төрийн байгууллагууд хамтарсан нэгдсэн системийг бий бүрэн нэвтрүүлж, хууль эрх зүйн орчныг бий болгосны дараа холбогдох зохицуулалтыг хийнэ гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.