УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ХОРИГ тавьсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тавьсан анхны хориг нь хүний эрхийн төлөө байсан. Тодруулбал Цахим харилцаа холбоо, хөгжлийн яамнаас өргөн барьсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль байсан билээ.

Уг хуулийг намрын чуулган завсарлахын өмнө буюу хоёр хоногт багтаан батласан явдал иргэд олон нийтийн шүүмжлэлд өртөж, улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан. Ингэснээр өнгөрсөн хоёрдугаар сараас хэрэгжихгүй хоригт орсон юм.

Тэгвэл маргааш эхлэх хаврын чуулганаар уг хоригийг хүлээж авах эсэхийг УИХ-ын гишүүд хэлэлцэж шийднэ. Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг батлах үеэр АН-ын гишүүд эсэргүүцсэн байр сууриа илэрхийлсэн боловч МАН-ын гишүүд олонхоороо дэмжин баталсан.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх яагаад хориг тавьсан шалтгааныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, хуулийн зөвлөх  А.Бямбажаргал нар дараах байдлаар тайлбарласан.

Я. Содбаатар: “Энэ хуулийг УИХ-д 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн. Хэлэлцэж эхэлснээс хойш хоёр хоногийн дотор баталсан. Энэ нь иргэд, олон нийтийн оролцоог хангаагүй. Ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдийн саналыг аваагүй нь Үндсэн хууль зөрчиж байна. Ерөнхийлөгч хуульд бүхэлд нь хориг тавьсан учраас хоёрдугаар сарын 1-нээс хууль хэрэгжихгүй” гэж байв.

А.Бямбажаргал:

“Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьж хэлэлцэж эхэлснээс хоёр хоногийн дотор уг хуулиудыг баталсан. Энэхүү баталсан байдал нь иргэд олон нийтийн оролцоог хангаагүй, хууль ёсны эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн саналыг аваагүй. Үндсэн хуулийн 26.2 дахь хэсэгт заасан иргэд, байгууллага бусад хуулийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид уламжилна, Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчсөн. Энэ зөрчил нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсэг дэх ардчилсан ёс, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчсөн гэж үзэж байгаа.

-Үндсэн хуулийн 19.1-т төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хүлээдэг. Мөн Үндсэн хуулийн 19.3-т хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэж заасан байдаг. Энэ хүрээнд цаашид УИХ хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хууль тогтоомжийг батлахдаа хэлэлцүүлгийг зохион байгуулж, иргэдийн оролцоог сайтар хангаж, хууль дээдлэх суурь зарчмуудад нийцүүлэн батлах ёстой гэж үзэж байна’ гэж тайлбарласан билээ.

Д.Гэрэл