Н.Мөнхнасан: Насанд хүрээгүй хүүхдийн зургийг эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах, тараахыг хориглосон хуулийн заалттай

Энэтхэгийн Дарамсала хотод болсон авшиг хүртээх ёслолын үеэр XIV Далай лам МОНГОЛ ХҮҮ 10 ДУГААР БОГДООР тодорсныг зарласан.

X Богдоор тодорсон 8 настай хүү бол “Монполимент” группийн үүсгэн байгуулагч УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавын зээ байсан нь зарим иргэдэд таалагдаагүй. Түүний ээж нь Ц.Гарамжавын охин, “Монцемент” төслийн удирдагч Н.Мөнхнасан бол аав нь математикч Ч.Алтаннар юм.

Бараг бичиг үсэг тайлагдсан хүн бүр Х Богдын талаар сэтгэгдлээ бичсэн гэж хэлж болно.

Тэгвэл 10 дугаар Богдын ээж нийгмийн сүлжээндээ нэгэн хүсэлт бичжээ. Тэрбээр “Балчир хүүгийн маань зурагтай элдэв бусын мэдээг олон нийтийн цахим сүлжээгээр ямар нэгэн цензургүйгээр явуулж, дөнгөж шинээр нээгдсэн эзэнгүй олон зуун хуурамч дансаар дайралт заналхийлэлтэй, олон арван сайтуудаар олон давтамжтай явуулж байгааг анзаарлаа.

Насанд хүрээгүй хүүхдийн зургийг эцэг, эх асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр ашиглах, тараахыг хориглосон хуулийн заалттай байдаг. Сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн та бүхнийг ёс зүйн зарчим, баримт нотолгоон дээр үндэслэн аливаа асуудалд хандахыг, мөн нийгмийн сүлжээний хэрэглэгчид та бүхнээс аливаа мэдээлэлд шүүлтүүртэй, нухацтай хандахыг хүсэж байна.

Миний хүү таны үр хүүхэд, ач зээ, балчир дүүгээс ялгаагүй нэгэн бяцхан монгол хүү гэдгийг та бүхэн маань тунгаах хэрэгтэй. Аливаад ёс суртахуун, саруул ухаан, үнэн эх сурвалжийг эрхэмлэн, холч ухаанаар хандаж, нинж сэтгэлийг түгээх нь бидний үр хойчдоо үлгэрлэх хамгийн үнэт зүйл юм” гэжээ.

С.Наран