УИХ-ын гишүүд Т.Аюурсайхан гишүүнийг чөлөөлж чадах уу

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн. Тэгвэл тэрбээр намайг УИХ-ын гишүүнээс чөлөөлж чадахгүй хэмээн аархаж яваа сурагтай. Чухам ямар учраас тэрбээр чөлөөлөгдөхгүй хэмээн бат итгэлтэй явааг таашгүй.

Магадгүй МАН-ын гишүүдийнхээ булхайг сайн мэддэг болохоор тэдэнд “хэрэв намайг гишүүнээс чөлөөлөх кноп дарвал булхайг чинь дэлгэнэ’ хэмээн шантаажилж байхыг ч үгүйсгэхгүй. Түүний УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хэзээ хэлэлцэх нь тодорхойгүй байна. Ямартаа ч УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ хэмээн хойшлуулаад байсан бөгөөд өчигдөр/2023.03.15/ чуулган нээлтээ хийсэн.

Сануулахад: УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг ХНХ-ын сайдаас чөлөөлөх захирамжийг өчигдөр ЗГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-д хүргүүлсэн билээ.

АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон зарим гишүүдийн бүрэн эрх тэднийг шалгахад саад учруулж байгаа учир гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлж өгөх хүсэлтийг УИХ-д хүргүүлж өгнө үү гэх албан бичгийг прокурорт хүргүүлсэн.

Тэгвэл өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт дээр нь нэмээд прокуророос түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлж өгөх хүсэлтийг оруулаад ирвэл бүрэн эрхтэйгээ үлдэх нь юу л бол.

Шил шилээ дарсан хулгайн хэргээс үүдэн иргэдийн бухимдал их байгаа. УИХ-д суугаа гишүүдийн ихэнх нь элдэв хэрэгт холбогдсон энэ үед ЗГ нь авлига албан тушаалын хэрэгтэй хатуу тэмцэнэ гэдгээ албан ёсоор зарлаж, 5 ш ажиллагаа хэрэгжүүлээд эхэлсэн. Олонхоороо төрд суугаа нөхөддөө найдах хэрэггүй л болов уу.  Ямартаа ч намын нөхөд нь түүнийг гишүүний бүрэн эрхтэй нь үлдээх эсэхийг харах л үлдлээ.

Д.Гэрэл