Тулгат: Тамга хүчинтэй ч С.Эрдэнийг хууль ёсны дарга гэж тогтоосон хэрэг биш

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс С.Эрдэнэд буй тамга хүчинтэй гэх шийдвэрийн өнгөрсөн Даваа гарагт гаргасан.

АН сонгуульд ялагдсаны дараа С.Эрдэнэ намын даргаас чөлөөлөгдөхөө мэдэгдэж намын даргын сонгууль хийж М.Тулгат намын даргаар сонгогдсон боловч намын дарга С.Эрдэнээс тамгаа авч чадаагүй билээ.

Тэгвэл БЗД-ийн ИХТ, АН-ын дарга асан М.Тулгат тус шийдвэрийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “ТАМГА. Энэ асуудлаар хүмүүс санаа нь зовж, асуугаад байгаа учир энд постлоё.

2 жил хагасын эцэст шүүх эцсийн шийдвэр гаргаж, асуудлыг мухарласан нь сайн хэрэг. “Эрдэнийн” гэх тал хууль ёсны байж гэдгийг шүүх тогтоолоо. Үүнд баяртай байна. Гэхдээ энэ нь Эрдэнийг хууль ёсны дарга гэж тогтоосон хэрэг биш. Би болон нөхөд маань хууль ёсны тал, үзэл санааны талаа барьж явсан болохоос хэн нэгэн Эрдэнийг дагаагүй гэдгийг байнга хэлсээр ирсэн. Женкогоос намаа хамгаалсан Эрдэнэ дүрдээ хэт орж, үзэл санаанд биш, шуналдаа хөтлөгдөх болсон цагаас эхлээд Өнөрбаяр генсек, Оюундарь, Эрдэнэбүрэн, Отгочулуу нарын дэд дарга нар, МҮДН фракц тэр чигээрээ, ОД фракц тэр чигээрээ, С.Баярцогт даргатай МоАН, Б.Пүрэвдорж нарын УИХ-н гишүүд өөр өөрийн массыг аваад Эрдэнээс холдож, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл тэргүүтэй УИХ-н бүлэг дээр түшиглэн хоёр тал нийлж, нэгдсэн ҮБХ хийсэн билээ. Тэнд албан ёсны АН явж байна гэдгийг шүүх холбогдох баримтуудаар тогтоогоод, нэгдсэн ҮБХ-гээс сонгогдсон Л.Гантөмөрийг намын даргад бүртгэж авсан. Үүнд С.Баярцогт даргын уйгагүй ажиллагаа, Ж.Батсуурь гишүүний ноён нуруу шийдвэрлэх үүрэгтэй байсан гэдгийг ч дурьдах нь зүйтэй. Шүүх ээдрээтэй асуудал дээр чамбай ажиллаж байгаад талархалтай байна. Одоо Женко намын гэрчилгээг, Эрдэнэ намын тамгыг эзэмших ёстой эрх бүхий хүнд нь аваачиж өгөх л үлдлээ” гэжээ.