Таван жилийн өмнө 13 настай охины амь насыг хөнөөсөн этгээдийг баривчилжээ

Цагдаагийн албан хаагчид таван жилийн өмнө 13 настай охины амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлжээ.

Тодруулбал: Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далайн зах IV баг, Товгийн ар гэх газраас 13 настай эмэгтэй “М” хонь хариулахаар яваад сураггүй алга болсон мэдээлэл 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тухайн үед аймгийн цагдаагийн газар, сумын Засаг даргын тамгын газар болон нутгийн иргэд, мэргэжлийн анги, байгууллагуудтай хамтарсан 150 хүний бүрэлдэхүүнтэй баг эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, тус хэргийг шалгах ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй зохион байгуулжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өмнө нь хүчингийн хэргээр хоёр удаа ял эдэлж байсан 38 настай эрэгтэй “Б” гэгч охины амь насыг хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ. Сэжигтэй этгээдийг эрэн сурвалжилж, түүнийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаднаас олж тогтоосон байна.

Тэрбээр охины амь насыг хохироож, цогцсыг хэргийн газраас 3 километрт зөөвөрлөн модон дунд нуусан байжээ. Уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.