“Хурд-Түүхт 30 жил” концерт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно

Монголын рок, поп урлагийн томоохон төлөөлөл Хурд хамтлаг 1993 онд байгуулагдсан билээ. Энэ онд онцгой түүхт 30 жилийн ой тохиож байна. 30 жилийнхээ ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь “Хурд – Түүхт 30 жил” тоглолт.

2023 оны зургаадугаар сарын 10-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд уг тоглолт болох юм. Тоглолтын Ерөнхий найруулгыг “On’n Off” продакшн гүйцэтгэж, ерөнхий продюсер, найруулагчаар Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн С.Ононбат ажиллаж байгаа аж. Тоглолтыг дууны найруулгад ажиллахаар Герман, Францын мэргэжлийн алдартай дууны инженерүүд хүрэлцэн ирэх юм байна.

“Хурд” хамтлаг 30 жилийн ойн тоглолтдоо Монголын ард түмний дунд амнаас ам дамжин, үеэс үед хоногшин, домог болон эгшиглэж, дуулагдаж, гэгээрүүлж ирсэн “Цэргийн бодол”, “Эх орон”, “Хамаг Монгол”, “Аавдаа би хайртай”, “Ээждээ”, “Чи минь байгаа болохоор”, “Хайрын улаан сарнай, “Эндүүрэл” зэрэг бүх цаг үеийн шилдэг дуунуудаа дуулахаас гадна рок, попын олон хамтлаг, дуучид тоглолтод оролцож, мэндчилгээ дэвшүүлэх хүсэлтээ илгээсээр байна.