Б.Мөнхтамир: Агаарын тээвэрлэгчдээс гарч буй зардлын дийлэнх нь гадаад валютаар тооцогддог

Онгоцны тийз маш олон төрлөөс бүрэлддэг. Нэгдүгээрт, тухайн агаарын тээвэрлэгчийн үндсэн тариф дээр онгоцны буудлуудын такс, аюулгүй ажиллагааны ажилчдын хураамж нэмэгдэнэ. Эдгээр хураамжийг билетний үнэд шингээгээд, нисэх буудлуудад дамжуулан өгдөг. Өөрөөр хэлбэл, авиа компаниуд дамжуулах үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг.
250 хүний суудалтай онгоцоор нислэг үйлдлээ гэж тооцоход 17 өөр төрлийн билет байдаг. Нөхцөл хэрэгцээ шаардлагаас хамааран тус бүр өөр үнэтэй байна. Энэ систем нь зөвхөн МИАТ ТӨХК дээр хэрэгждэг зүйл биш. Олон Улсын агаарын тээврийн холбооноос баталсан журам тул дэлхийн бүх агаарын тээвэрлэгчид хэрэглэдэг.
Иргэд ажлаа төлөвлөн, тийзээ эрт захиалснаар хямд авах боломжтой. Ингэснээр агаарын тээвэрлэгчид суудлын ачаалал, дүүргэлтээ төлөвлөх боломжтой болдгоороо давуу талтай.
Агаарын тээвэрлэгчдийн хувьд гарж буй зардлын дийлэнх нь гадаад валютаар хэмжигддэг. Жишээ нь, Франкфурт руу нислээ гэхэд дундаа найман улсын агаарын замаар дамжиж явна. Навигацын хураамжаа ам.доллароор тооцож төлнө.
Дээрээс нь үндсэн зардлын 30 орчим хувийг шатахуун эзэлдэг. Үүнийг ч мөн доллараар тооцож төлнө. Сүүлийн хэдэн жилд төгрөгийн ханш суларч, долларын ханш өссөн. Иргэд МИАТ үнээ нэмсэн гэж ойлгодог. Гэтэл 2011 оноос хойш тариф шинэчлэгдээгүй.

Эх сурвалж: ЗТХЯ