Б.Ганзориг: “Гацуурт” ХХК-ний захирал Л.Чинбат гарал үүслийн бичиггүй олон тооны адуу эрүүл бүс рүү оруулах гэсэн учир малчид, иргэд эсэргүүцсэн

Сошиал орчинд “Гацуурт” ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Зүүнбүрэн сумын малчдыг машинаараа хөөж, дайрч унагаж буй бичлэг цацагдсан.

Тус бичлэгийг тавьсан иргэнтэй  Б.Ганзоригтой холбогдож дараах тодруулгыг авлаа.
-Та өөрийгөө танилцуулаач. “Гацуурт” ХХК-ний захирал Л.Чинбат хүмүүсийг машинаараа хөөж дайрч унагаж байгаа бичлэг өөрөө цахим хуудастаа оруулсан байна. Яг юу болсон юм бэ?
-Би Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын гуравдугаар багийн Засаг дарга Б.Ганзориг гэж хүн байна. “Гацуурт” компаний захирал Л.Чинбат өчигдөр шөнө Дорнод, Сүхбаатар аймгаас 360 гаруй адуу Цагааннуур, Зүүнбүрэн суманд оруулж ирсэн учир малчид, иргэд тухайн малыг оруулахгүй гэж эсэргүүцсэн. Учир нь уг адуунууд гарал үүслийн бичиг байхгүй байсан. Малын гаралтай өвчин их бий. Тухайн адуунууд нь гарал үүслийн бичиг байхгүй учраас бид эрүүл бүсэд гарал үүслийн бичиггүй мал оруулахгүй гэсэн шаардлага тавьсан.
-Өөрөө болохоор малын хулгайч нартай тэмцэж байна гэсэн байна?
-Тийм зүйл байхгүй. Манай багт малын гаралтай өвчин байхгүй эрүүл бүс. Тиймээс бид гарал үүслийн бичиггүй тул оруулахгүй л гэсэн шаардлага тавьж байна..
-Машинаараа иргэдийг хөөж дайрч унагаж байгаа харагдсан. Тухайн иргэдийн биеийн байдал гайгүй юу. Хууль хяналтын байгууллагад хандсан уу?
-Л.Чинбат одоогоор морьтой 2, мотоциклтой 1 иргэнийг дайрсан. Бид эмнэлгийн байгууллагад дуудлага өгөөд цаг орчим болж байна. Одоо болтол ирээгүй байна. Хууль хяналтын байгууллагад ч хандсан. Бас л ирээгүй. Одоо сумын цагдаа байна.  Маргаан үргэлжилсэн хэвээр байна.
-Аймгийн удирдлагуудтайгаа холбоо барьсан уу?
-Аймгийн удирдлагууд тоохгүй байна шүү дээ.
Тус иргэний бичлэгийг хүргэж байна.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс “Гацуурт” ХХК-ний захирал Л.Чинбатын өөрийн цахим хуудаст оруулсан  мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр “Манай адууг туугаад явж байгаа малын хулгайч нартай тэмцэж байна. Цаашдаа ч тэмцэнэ. Малын хулгай, хулгайч нар хэрээс хэтэрлээ. Хууль хяналтын байгууллагуудад гомдлоо гаргасан” хэмээн бичжээ.