Ц.Баатархүү: Нэг вэб сайтыг 2.6 тэрбум төгрөгөөр хийнэ гэж төсөвт тусгасан байна

2020 оны Нийслэлийн төсөв батлагдсан. Ирэх онд нийслэлийн төсвийн орлогын 82 хувийг татварын орлогоор, 17 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэх юм байна. Нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэх нэг үүсвэр нь Зам ашигласны төлбөр. Иймээс 2020 онд Зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэхээр болсон. НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй ярилцлаа.

– Ирэх 2020 оны төсвийг баталлаа. Ирэх оны төсөвт ямар асуудлыг түлхүү тусгасан байна вэ?

– Төсвөө хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй урсаад өнгөрдөг зардалд хуваарилж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын захиргааг 97 тэрбум төгрөгөөр барина. Түүнд тавих тавилга эд хогшилд хоёр тэрбум төгрөг зарцуулна гэж байгаа. Мөн Улаанбаатар хот нэг вэб сайтыг 2.6 тэрбум төгрөгөөр хийнэ гэж төсөвт тусгасан байна. Бид хувийн хэвшлээ дэмжиж, ээлтэй байна гэж ярьдаг. Гэвч төсөвт зарим бизнесийг булааж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын зүүн, баруун талд хүнсний бөөний төвийг таван тэрбумаар барина гэж байгаа. Үүнийг төр хийхгүйгээр хувийн хэвшил хийх ёстой. Бид хувийн хэвшилдээ боломж олгож дэмжээд явах ёстой. Гэтэл хувийн хэвшлийн ажлыг нийслэлийн татвар төлөгчийн мөнгөөр лоббидож, булааж болохгүй. Иймээс тэвчиж болох зардал болон урсаад өнгөрдөг урсгал зардлаа хэмнэж явах ёстой. Гэтэл төсөвт энэ зардлыг хэмнэлгүйгээр, иргэдийн халаас руу халдаж байна.

– Төсвийг хэлэлцэж байх үеэр АН-ын бүлгээс таван санал гаргасан. Ямар таван санал гаргасан бэ?

– Бид жил бүр гаргадаг таван саналаа гаргасан. Энэ жил нэмж нэг санал гаргасан байгаа. Тэр нь Улаанбаатар хотын түүхийн дурсгалт газрууд болон соёлын өвийг хамгаалах санал. Нийслэлийн иргэдийн хурал тогтоолтой байдаг. Харамсалтай нь үүнийгээ хамгаалах чиглэлээр төсөвт мөнгө тусгадаггүй. Нийслэлийн соёлын өвийг нурааж байхад нийслэлийн удирдлага, НИХ нь дуугардаггүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлье гэдэг саналыг гурван жил тавьсан. Бидний саналыг төсөвт тусгасан бол 80 мянган айлын орон сууцны инженерийн дэд бүтцийн асуудал шийдэгдэх байсан. Гэвч Ардчилсан намын эхлүүлсэн ажил гээд улс төрийн өнцгөөр харсаар байгаад гэр хорооллын иргэдийг хохироосон. Нийслэлийн нийтийн тээвэр нийтийн зовлон болж байна. Нийтийн тээврийн шинэчилж сайжруулъя, жил бүр 10 тэрбум төгрөг тавиад парк шинэчлэл хийцгээе гэж гурван жил дараалан төсвийн төсөлд тусгах санал оруулсан. Хэрэв гурав жил дараалан төсөвт тусгаад явсан бол 200 гаруй том оврын автобусаар нийтийн тээвэрт парк шинэчлэл хийгдэх байсан. Одоо нийслэлийн нийтийн тээвэр гэж дампуурчихсан салбар болчихсон. Үүнийг цогцоор хөгжүүлж, сайжруулах хэрэгтэй гэдэг саналыг ерөөсөө хүлээж авдаггүй. Гэтэл сонгууль угтаж энэ жил Монгол Улсын Засгийн газар, нийслэл хоёр өмнөд хөршөөс цахилгаан автобус оруулж ирнэ гэдгийг ярьж байна. Үүнийг өмнө нь хийгээд явах боломжтой байсан. Хүү торгуулийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн. Авто замын ашиглалтын төлбөрийн хэмжээг тав дахин нэмэгдүүлж байна. Энэ асуудалтай бид санал нийлэхгүй байгаа.

– Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчлах асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшиж байгаа газарт санал болгоно гэсэн санал оруулж ирсэн. 1959 онд өмнөд хөршийн тусламжтайгаар Төв цэнгэлдэх хүрээлэнтэй болсон. Төрийн өмчийн хороо 2000 онд тодорхой хэсгийг хувьчилсан байдаг. Гэтэл нийслэлийн удирдлагууд хариуцлагагүй хандаад жил бүрийн наадмын өмнө засвар хийдэг. Тэр хөрөнгө оруулалтаа бүртгэж авахгүй явсаар байгаад 49 хувийн эзэмшигч болсон. Өнөөдөр энэ нийтийн талбайг төсөвгүй нэрийн дор 12.6 га газрыг 20 тэрбум төгрөгөөр 51 хувьд санал болгож байна. Үнэхээр төв цэнгэлдэх хүрээлэнг байлгах шаардлагагүй гэж үзэж байгаа бол иргэдэд зориулсан ногоон бүс байгуулах хэрэгтэй.

-“Аз жаргалтай хот”-ын индексийн боловсрол гээд байгаа нь ямар ажил юм бэ. Энэ ажилд жил болгон мөнгө төсөвлөгдөж байна?

-“Аз жаргалтай хот”-ын индексийн боловсруулж иргэдийнхээ аз жаргалыг дэмжинэ гээд нэг тэрбум төгрөг тавиад байгаа. Үүнийгээ болиод боловсрол, эрүүл мэндийн салбарын үйлчилгээнд өгөх хэрэгтэй. Өнөөдөр Улаанбаатар хотын захын хорооллын зарим сургуульд бага ангийн багш олдохгүй байна. Багш нар гадаад улсад ажил хийхээр явчхаад байна.

-Энэ нэг тэрбум төгрөгийг юунд зарцуулдаг бол?

-Юунд зарцуулагдаг нь мэдэгддэггүй. Тайлан тодорхой бус шагнал урамшууллын зардал юм шиг байна лээ. -Авто зам ашигласны төлбөрийн хураамжийг нэмэгдүүлж байгаа. Энэ асуудалд иргэд нэлээд эсрэг байр суурьтай байна? -Улаанбаатар хот авто сангийн хөрөнгөөр жилдээ 30-40 тэрбум төгрөг цугладаг. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр авто замын бүтээн байгуулалтын ажил явагддаг. Мөн улсын төсвөөр хийгддэг. Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж байгаа асуудлыг дэмжихгүй байгаа. Улаанбаатар хот төлбөр хувь хэмжээг нэмэгдүүлж байгаа бол “Жийп” автомашины төлбөрийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ажил амьдралаа залгуулж байгаа иргэдээс тав дахин төлбөрийн хувь хэмжээг нэмэгдүүлж байгаатай санал нийлэхгүй байна.

Эх сурвалж: Мэдээ.мн