МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2023 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

Анхан шатны шүүх 2023 оны хагас жилд эрүүгийн 7026, иргэний 32050, захиргааны 1337 хэрэг нийт 40413 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, 13596 зөрчлийн хэрэг шийдвэрлэж, 8543 хүн, 2 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13543 хүн хуулийн этгээдэд зөрчлийн шийтгэл оногдуулж, 560 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллаж хяналт тогтоох болон ялаас чөлөөлж, 723 хүнд цагдан хорих арга хэмжээ авч, 1321 хүний цагдан хорих хугацаа сунгажээ.
Анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн нийт хэргийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад эрүүгийн хэрэг 551 хэргээр буюу 7.3 хувиар буурсан бол иргэний хэрэг 2465 хэргээр буюу 8.3 хувиар, захиргааны хэрэг 313 хэргээр буюу 30.6 хувиар тус тус өссөн байна.
Давж заалдах шатны шүүх 2023 оны хагас жилд эрүүгийн 1144, зөрчлийн 396, иргэний 1779, захиргааны 408 хэрэг, нийт 3737 хэрэг, маргааныг хянан шийдвэрлэжээ..
Хяналтын шатны шүүх 2023 оны хагас жилд эрүүгийн 491, иргэний 727, захиргааны 243 хэрэг нийт 1461 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо: Улсын хэмжээнд анхан шатны шүүхэд шүүх бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэн нийт 812 шүүх хуралдаанд 723 иргэдийн төлөөлөгч оролцжээ.

А. Эрүүгийн хэрэг, зөрчил
Монгол Улсын хэмжээнд 2023 оны хагас жилд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэрэг 7.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 5.8 хувиар тус тус буурсан байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 8543 хүн, 2 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 7546 хүн, 2 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
657 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.
Зарим гэмт хэргийн тоо өсөв. (Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Дээрэмдэх, Хулгайлах, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг өссөн дүнтэй байна)

Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна.
Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг 16 хэргээр буюу 9 дахин
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 21 хэргээр буюу 24.1 хувиар,
Хахууль авах гэмт хэрэг 29 хэргээр буюу 2.2 дахин,
Хахууль өгөх гэмт хэрэг 29 хэргээр буюу 5.1 дахин,
Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10 хэргээр буюу 6 дахин тус тус өссөн байна.

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав. Үүнд:
Хүнийг алах гэмт хэрэг 18 хэргээр буюу 15.4 хувиар
Бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг 224 хэргээр буюу 7.1 хувиар,
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 49 хэргээр буюу 31.2 хувиар,
Хулгайлах гэмт хэрэг 192 хэргээр буюу 22.7 хувиар
Залилах гэмт хэрэг 50 хэргээр буюу 11.0 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.

Монгол Улсын хэмжээнд 2023 оны хагас жилд шүүхээс торгох ялаар нийт 4278 хүн, 2 хуулийн этгээд, нийтэд тустай ажил хийлгэх ялаар 999 хүн, хорих ялаар 1424 хүн, зорчих эрхийг хязгаарлах ялаар 845 хүн тус тус ял шийтгүүлсэн байна.
Шүүхээс 4278 хүн, 2 хуулийн этгээдийг нийт 5 тэрбум 751 сая 459 мянган төгрөгийн торгох ял шийтгэсэн ба гэмт хэргийн улмаас 64 тэрбум 457 сая 716 мянга 514 төгрөгийн хохирол учирсныг шүүх тогтоожээ.

Цагдан хорих зөвшөөрлийн тоо буурав.
Улсын хэмжээнд 2023 оны хагас жилд цагдан хорих зөвшөөрөл олгосон хүний тоог өмнөх оны мөн үетэй харьцуулбал 173 хүнээр буюу 19.3.2 хувиар, цагдан хорихоос татгалзсан хүний тоо 32 хүнээр буюу 15.3 хувиар тус тус буурсан байна. Сэжигтнийг баривчлах зөвшөөрөл олгосон хүний тоо 42 хүнээр буюу 33.6 хувиар өссөн байна.
Хорих ял эдлэх дэглэмийг бууруулав.
Улсын хэмжээнд 2023 оны хагас жилд нийт 175 ялтны хорих ял эдлэх дэглэмийг бууруулсан байна.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өмнөх оны мөн үеэс эрүүгийн хэрэг 112 хэргээр буюу 8.9 хувиар буурсан бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг 201 хэргээр буюу 5.7 дахин өссөн байна.

Шүүхээс шийдвэрлэсэн зөрчлийн хэрэг 30.5 хувиар өсөв.
Анхан шатны шүүх: Эрүүгийн болон захиргааны хэргийн анхан шатны шүүхүүд 2023 оны бүтэн жилд харьяаллын дагуу зөрчлийн 13588 хэргийг шийдвэрлэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 3256 шийдвэрийг хянасан байна. 5 хуулийн этгээд, 3068 хүнд торгох шийтгэл, 10470 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ.
Давж заалдах шатны шүүх: Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүдээс нийт 416 зөрчлийн хэргийг хүлээн авснаас 351 зөрчлийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж 181 зөрчлийн хэрэгт буюу 51.6 хувьд нь анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг хэвээр үлдээж, 89 зөрчлийн хэрэгт буюу 25.4 хувьд нь өөрчлөлт оруулж, 81 зөрчлийн хэрэгт буюу 23.1 хувьд нь хүчингүй болгож тус тус шийдвэрлэсэн байна.
Б. Иргэний хэрэг
Тайлант хугацаанд шийдвэрлэсэн иргэний нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 8.3 хувиар өсөв.
Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 2465 хэрэг буюу 8.3 хувиар өссөн байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 86 хэргээр буюу 5.1 хувиар өссөн бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 44 хэргээр буюу 5.7 хувиар буурсан байна.
Эвлэрэл амжилттай болсон хувь нь өмнөх оноос 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Монгол Улсын шүүхээр 2023 оны хагас жилд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 9911 өргөдлөөс 6691 өргөдлийг шийдвэрлэж, үүнээс 4304 буюу 64.3 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 2387 буюу 35.7 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна.
В. Захиргааны хэрэг

Тайлант хугацаанд шийдвэрлэсэн захиргааны нийт хэрэг өмнөх оны мөн үеэс 30.6 хувиар өсөв.
Анхан шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 313 хэрэг буюу 30.6 хувиар өссөн байна.

Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг өмнөх оны мөн үеэс 410 хэргээр буюу 48.2 хувиар буурсан бол хяналтын шатны шүүхийн шийдвэрлэсэн захиргааны хэрэг 201 хэргээр буюу 5.8 дахин өссөн байна.