“Ковидын төсвийг хариуцаж байсан 4-5 албан тушаалтан тэрбумын үнэтэй байр худалдаж авсан”

Ковидын үеийн санхүүгийн зарцуулалтыг хэлэлцэх Eрөнхий хяналтын сонсгол эхэлсэн ч шинжээч байхгүй гэх шалтгаанаар хойшилсон. Энэ үеэр АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл

Хөгжлийн банкны асуудал бол нэг их наяд төгрөг. Харин бид 20 их наяд төгрөгийн дүнтэй асуудлыг ярина. Нэг их наяд төгрөгийн асуудал дээр шинжээч томилж, нотлох баримт цуглуулсан бол үүнээс 20 дахин их мөнгөн дүнтэй асуудалд шинжээчгүй байна. Бид шүүгч, прокурор биш учраас шууд дүгнэлт хийх боломжгүй.

Ковидын үед бусад яамдын төсвийг хязгаарлаж, Эрүүл мэндийн яамны санхүү мөнгө нь багтахаа больсон. Оны төгсгөлд асар их мөнгө илүү гарч, хаана ч хамаагүй зарцуулж эхэлсэн. ЭМЯ-ны харьяа Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 50 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү гарч, 25 тэрбум төгрөгөөр ажилчдын орон сууц бариулахаар зураг гаргуулсан байна. Төсвөөс 25 тэрбум төгрөг гаргаж, нэг эмнэлгийн ажилчдын орон сууцны зураг гаргуулсан байна.

Санхүү, мөнгөний зарцуулалтыг хариуцаж байсан 4-5 албан тушаалтан тэрбумаас дээш төгрөгийн үнэтэй байр худалдаж авсан. Хаусанд амьдарч байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Үнэн, худлыг бид нотлохгүй. Ийм асуудлууд байгаа учраас шинжээч томилж өгөхийг хүссэн. Энэ сонсголыг шинжээчтэй хийх ёстой эсвэл хойшлуулах хүсэлтийг удаа дараа тавьсан. Ийм нөхцөл байдлаас үүдэн сонсгол цаашаа үргэлжлэх боломжгүй боллоо”  гэсэн байр суурийг илэрхийлэв.