Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүүгийн оронд дуучин Ч.Бат-эрдэнэ томилогджээ

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ч.Бат-Эрдэнэ Нийслэлийн соёл, урлагийн газрын даргаар томилогджээ. Нийтийн дуучид дундаа менежмент сайтайд тооцогддог тэрбээр өнгөрсөн есдүгээр сараас ажилдаа орсон юм байна.

“Хонхны нулимс” дуугаар нийтийн дууны ертөнцөд цахиур хагалан гарч ирсэн тэрбээр Ирланд улсад урлагийн менежментийн чиглэлд мэргэжил боловсролоо дээшлүүлээд амжсан нэгэн.  Өмнө нь тэрээр Соёл урлагийн их сургуулийн харьяа Соёлын дээд сургуулийн захирал болон тус сургуулийн салбар бүжгийн сургуулийн захирлын албанд ажиллаж байжээ.

Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж. Дамдинцэрэнг ажлаас нь халах шийдвэрийг хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн зургаадугаар сард гаргасан. Түүнийг төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан байдаг. Хүмүүс түүнийг Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын хүү гэдгээр нь сайн таних биз.