ҮНЭН УУЛ МЭТ БАТ ОРШИНО ХУДАЛ ҮҮЛ МЭТ АРИЛНА

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өдрийн сонинг залруулга гаргаж өгөхийг хүслээ. Тэрбээр “Тун завгүй өдрүүд үргэлжилж байна. Гэвч нэг зүйл дээр залруулга хийе. Миний бие Ховдчуудаа төлөөлөн төр барилцах, хүндтэй хийгээд хариуцлагатай албыг хашиж байх хугацаандаа төр түмний үйл хэрэгт үнэнч шударга хандаж, Монгол улсынхаа эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, нийгэмд бугшсан олон асуудлыг хөндөж, өнөөдрийн байр сууриар бус ирээдүй маргаашийн хувь заяагаар хэмжин харж, өөриймсөг сэтгэлээр хандаж олон ажлуудыг шат дараатайгаар зориглон хийж байна.
Үүний нэг нь Ховд аймаг болон Хөшөөтийн уурхайг ашиглаж байгаа “МоЭнКо“ ХХК хооронд байгуулсан хамтран ажиллах хөрөнгө оруулалтын тухай 2011, 2014 оны гэрээний хэрэгжилтийн талаар Ховд аймгийн үе үеийн удирдлага, Хөшөөтийн уурхайг ашиглаж байгаа “МоЭнКо“ ХХК-ийн удирдлага, нутгийн ард иргэдийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг 2024.02.07 нд Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын хуралдааны их танхимд зохион байгуулахаар ажиллаж байна.
Гэтэл энэхүү нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан миний нэр хүндэд халдсан худал ташаа олон мэдээлэл, дайралтууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсаар байна.
Үүний нэг нь Хүний эрхийг хөхүүлэн дэмжигч “Өдрийн сонин” 2024.02.05-ны Даваа гарагийн Улс төрийн буландаа “Памфлет” төрлөөр би өөрийгөө захиалгаар бичүүлсэн мэт харагдахаар нийтлэлийг гаргажээ.
Монголын хамгийн олон уншигчтай, мэргэжлийн редакцтай, мэдээлэл нь үнэн бодит байдлыг эрхэмлэдэг тус сонин шүүлтүүргүйгээр ийм худал ташаа мэдээлэл олон нийтэд тарааж байгаад миний бие харамсаж байна.
Иймд “Өдрийн сонин” мэргэжлийн чиг үүргээ ухамсарлан энэхүү нийтлэлдээ залруулга хийж өгөхийг хүсье.
ХҮНДЭТГЭСЭН: МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Ш.АДЬШАА” гэжээ.