“Төрийн арилжааны 18 телевизтэй байгуулсан хаалтын гэрээний төлбөрийг иргэд төлж байна”

Сэтгүүлч Б.Пүрэв УИХ-ын D-parliament системд Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар иргэд 18 телевизэд хураамж төлж буй зохицуулалтын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хувийн өмчит, ашгийн төлөө ажилладаг арилжааны 18 телевиз сүүлийн 3 жилд иргэдээс сар бүр хураамж авч байна. Энэ хураамжийг албан журмын байдлаар төлбөрт нь шууд суутган авдаг.

З.Алтай эзэнтэй 25 дугаар суваг телевиз

Л.Балхжав эзэнтэй UBS

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн нөхрийн ТВ-5

ТМ, ETV

Наран группын С.Болдхэт эзэнтэй SBN

Эрхэт Монгол группын Х.Мандахбаяр эзэнтэй ТВ-8

Х.Баттулгатай холбоотой гэгддэг С1

Н.Энхбаярын ТВ-9

MCS группын Сентрал ТВ

Шунхлай группын NTV

Голомтын Д.Баясгалан эзэнтэй Ийгл ТВ, Боловсрол

Гацуурт группын Л.Чинбат эзэнтэй Монгол HD

“Хас”-ын Ганхуяг нарын Тэнгэр ТВ

Сү.Батболдын охины Стар ТВ

ЦХХХ-ын сайд Н.Учралтай хамааралтай Сүлд, Малчин ТВ

Ийм телевизүүдэд иргэд хэрэглээнээсээ шалтгаалж, 2500-3500 төгрөгийг сар бүр төлж байна. Нийтдээ 20-30 тэрбум төгрөг цуглуулж, Монголын телевизүүдийн холбоо гэдэг ТББ өөрийнхөө гишүүн 18 телевизэд хуваарилдаг. Бид үздэггүй телевизийн төлбөрийг яагаад хүчээр авч байгаа юм бэ. Энэ мөнгөө эргээд огт тайлагнадаггүй юм байна.

Төр 18 телевизэд давуу эрх олгож, монополь байдал тогтоосон тусгай хуулийг баталж өгсөн байна. Үүний хариуд олон нийтийн санаа бодлыг удирдах, дарга сайд нарыг магтан дуулах, төрөөс явуулж байгаа нэг талын мэдээллийг дамжуулах хандлага руу явж байна. Энэ бол төрд үйлчилж байгаа хамгийн том хаалтын гэрээ. Төр телевизүүдтэй хаалтын гэрээ байгуулж, төлбөрийг нь иргэд төлж байна. Хэтэрхий эрээ цээргүй хуулийг баталсан. Энэ хуулийг батлахдаа Монголын телевизүүдийн холбоо гэдэг ТББ-ыг нэр зааж оруулсан. ТББ-ыг дангаар нь нэр зааж, хуульд оруулсан тохиолдол байхгүй.

Энэ хуулийг батлуулах үед Монголын телевизүүдийн холбооны гүйцэтгэх захирлаар Т.Ганзул ажиллаж байсан. Энэ хүн одоо Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байгаа. Телевизүүдийн эзэд бизнестэй, улс төрд маш их нөлөөтэй нөхөд нийлж байгаад энэ хуулийг батлуулсан. Гэвч энэ хуулиар өгсөн амлалтаа хэрэгжүүлэхгүй байна” гэсэн мэдээллийг өгөв.