Монгол Улсын мэргэжлийн “Улаанбаатар ММС Энержи” багийг арванхоёрдугаар сарын 20-22-нд БНХАУ-д зохион байгуулагдах “Sina Elite League Final”-д оролцохыг урьсны дагуу өмнөд хөршийг зорилоо.
Багийн бүрэлдэхүүнд ОУХМ Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Г.Цэнгүүнбаяр, А.Ананд нар дасгалжуулагч С.Тулгын хамт тус тэмцээнд оролцох юм. Багийн довтлогч Э.Дөлгөөний хувьд энэхүү тэмцээнийг өнжинө. (Тэрбээр өнгөрсөн жил баруун гарынхаа дунд хуруунд хийлгэсэн төмрөө авахуулах хагалгаа нь өнөөдөр БНСУ-д амжилттай болжээ).
Sina Elite League нь БНХАУ-ын 150 хотоор 30 мянган баг, 120 мянган тамирчныг хамарсан, олон сая үзэгчийг татсан лиг юм.
Лигийнхээ финалд дэлхийн шилдэг багуудыг урилгаар оролцуулдаг бөгөөд энэ жил FIBA-гийн мэргэжлийн 16 баг өрсөлдөхөөр очжээ. Тэдгээр багийн дунд Австрали, БНХАУ, Хонконг, Япон, Монгол, Нидерланд, Филиппин, ОХУ, Серби, Словен, БНСУ, Тайвань, АНУ-ын шилдэг багууд оролцоно.