Г.Даваажаргал: Түлш савалгааны шатанд ачаалал их байгаатай холбоотойгоор ОЛДОЦ муу байна

САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛАХ … ДҮГЭЭР ЦЭГ: 20.35 ЦАГ

-Хүүе ээ манайх нялх хүүхэдтэй. Би түрүүлээд авчихья тэгэх үү?

-Бүгдээрээ л адилхан хүүхэдтэй. Дарааллаараа л авцгаая. Би шахмал түлш хайж 5 газраар ороод байхгүй. Энд ирээд 30 минут хүлээж байна. 

-Би чиний өмнө байсан шүү даараад машиндаа ороод сууж байсан юм.

-Би өөрийнхөө нүүрсийг өөрөө уутлаад авчихаж болох уу … гэх мэт яриа иргэдийн дунд өрнөнө зарим нь бүр хоорондоо маргалдаж байгаа дүр зураг ажиглагдав.

Харин цаана нь нүүрс савлаж зогссон сайжруулсан түлш борлуулдаг залуу намайг нэмэгдэж ирснийг хараад, шууд л “түлш байхгүй шүү” гэх нь тэр. Цаана чинь байна шүү дээ гэх миний хариултад, “Ууталсан нүүрс алга. Энэ хүмүүст ууталж өгсөөр байтал хаах цаг болно. Эсвэл өөрөө уутлаад авах юм уу” гэв.

Яг л ийм дүр зураг, үйл явдал хотын захын гэр хороололуудад бараг орой болгон шахуу өрнөж байна.

Өөрөөр хэлбэл, “сайжруулсан шахмал түлш”-ний олдоц муу, хүрэлцээ хангалтгүй байгаагаас түлш хайсан иргэд бухимдаж, аргаа барж байна.

Тиймээс бид  Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргалтай уулзаж, сайжруулсан шахмал түлшний талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлд шахмал түлшний олдоц муу байгаагаас шөнөжин түлш хайж байгаа тухай яриа иргэдийн дунд их байгаа. Гэтэл албаныхан сайжруулсан түлшний хангалттай нөөц байгаа гээд байна. Нөөц байгаа хэрнээ хомсдол үүсээд байгаагийн шалтгаан юу вэ?

-Түлшний үйлдвэр зогсоод түлш тасарсан юм байхгүй. Харин түлш савалгааны шатанд ачаалал их байна. Нийтдээ 3500 тонн түлш үйлдвэрээс гарлаа гэхэд үүний 400-500 орчим тонн түлшийг л 25 килограммын савалгаатай буюу хэрэглэгч шууд худалдаж авах боломжтойгоор гаргадаг. Үлдсэн түлш нь тоннын болон задгай савалгаатай гарч байгаа. Эдгээрийг баазуудад аваачиж савлаад худалдаанд гаргадаг. Гэтэл савлах хүн олдохгүй байгаагаас үүдэлтэйгээр хомсдол үүсч байна. “Таван толгой түлш” компани түлш савлах ажлын байрыг бий болгоод, маш олон удаагийн зарыг явуулж байгаа боловч хүмүүс ажиллахгүй байна. Ажиллах хүч одоогоор дутмаг байна.

-Бүх нүүрсээ үйлдвэрээсээ савлаад гаргаж болдоггүй юм уу?

-Үйлдвэрээс шууд борлуулах цэг дээрээ очдог тохиолдолд би савлаад гаргадаг. Харин 2-3 удаагийн тээвэрлэлт шаардлагатай цэгүүдэд шууд задгайгаар очдог. Учир нь савласан нүүрсийг олон дахин ачиж, буулгаад байхаар тээвэрлэлтийн явцад зарим нүүрс бутарч, хог ихтэй нүүрс иргэдийн гар дээр очдог. Харин цэг дээрээс нь шууд савлаад өгөхөөр ямар ч хоггүй нүүрс иргэдийн гар дээр очдог.

-Нэг шуудай нүүрсийг хэдэн төгрөгөөр савладаг вэ?

-Нэг шуудай нүүрс савласан тохиолдолд 300 төгрөг олгодог. Тухайн хүн өдөрт хэдэн шуудайг савлах боломжтой байна, түүнээс шалтгаалаад хэдэн төгрөгийн цалин  гэсэн үг.

-Энэ мөнгө хэтэрхий бага биш үү?

-Одоогийн нөхцөл бололцоо ийм байна. Санхүүжилтын асуудлыг “Таван толгой түлш” компани шийдэж байгаа.

-Савалгааны шатанд хүн хүчний бололцоо хангалтгүй байгаа энэ асуудлыг хэзээ шийдэх вэ?

-Түлшний савалгаа, борлуулалт, тээвэрлэлтийн асуудал байнга шинэчлэгдэж байгаа. Хуучин агуулах, үйлдвэрээс савладаг байсныг болиулсан. Нүүрс савладаг байсан захуудын талбайн нөөц бололцоог ашиглаж байна. Зарим тохиолдолд борлуулалтын цэгүүдэд савлаж байна. Сайжруулалт байнга хийгдээд явна. Өмнөх жилүүдэд зах зээлийн журмаар иргэд өөрсдөө тээвэрлээд, савладаг байсан. Энэ ажлыг нэгдсэн системтэй болгож байгаа нь бүх талаараа шинэ туршлага болж байна.

-Айл өрхүүд түлшийг тонноор нь авах боломжтой юу?

-Айл өрхүүд долоо хоногт зургаан шуудай түлш авах боломжтой. Одоогийн боломж, бололцоо ийм байна. Үйлдвэрөдөр, өдрийн хэрэглээний нормд таарсан түлшийг л гаргах боломжтой байгаа. Иймд долоон хоногт зургаан шуудай түлш гэдэг нь хамгийн боломжтой хувилбар юм. Түлшний үйлдвэрлэлийг сайжруулах ажлууд бүх шатандаа байнга хийгдэж байна. Хэрэв зургаан шуудай түлш хүрэлцээгүй байна гэж үзвэл Нийслэлийн захирагчийн ажлын албанд хандаж болно.

-Түлшнээс болж хордсон гэх дуудлага багассан. Гүн хордлогын дуудлага байхгүй болсон талаар холбогдох газрууд мэдээлж байгаа. Энэ юутай холбоотой вэ? Иргэд галлагааг зөв хийж эхэлсэн гэж ойлгох уу?

-Заавар зөвлөмж иргэдэд хүрч, зөв галлагаа хийж эхэлсэнтэй холбоотой гэж бодож байна. Мэргэжлийн хяналтын газар, ОБЕГаас мөн мэдээллийг өгдөг. Бидний зүгээс гурван удаанийслэлийн гэр хорооллын айл өрхөөр орсон. Айлуудад зөвхөн цаас тараагаад өнгөрөхгүйгээр зуух, янданд нь шинжилгээ хийж, заавар зөвлөмжийг давхар өгч ажилласан байгаа. Угаарын хийн хордлого зуухны таталттай холбоотой. Зуухны таталт хэрхэн ажилладаг вэ гэхээр гадна, дотно агаарын температурын зөрүү их байх тусам таталт сайжирдаг. Бага байх тусам таталт багасна гэсэн үг.

-Зорилтот бүлгийн айл, өрхүүдэд үнэ төлбөргүй түлш олгоно гэж байсан. Энэ хийгдэж эхэлсэн үү?

-Энэ төлөвлөгдөж байгаа асуудал. Энэ талаар Засаг даргын захирамж гарсан байгаа. Үүнийг Хөдөлмөр халамжийн газар хариуцна. “Таван толгой түлш” компани болон хариуцсан газар уг асуудлаар энэ өвөлд багтааж шийдвэр гаргана.

-Шахмал түлшийг энэ жилээс анх удаагаа хэрэглээнд нэвтрүүлсэн. Өнгөрсөн саруудад харьцангуй сөрөг мэдээллүүд нийгэмд тархсан. Олон хүний амь нас хохирсон шүү дээ. Эдгээр хүмүүсийн ар гэрийнхэнтэй “Таван толгой түлш” компани уулзсан уу? Цаашид дахиад хүний амь нас эрсдэхгүй гэх баталгаа байхгүй байна?

-Энэ талаар сайн мэдэхгүй байна. Өмнө нь нөхцөл байдлын туршилтыг хийж үзсэн. Жишээ нь, ханан пийшинтэй айлд галлагааг ямар хувилбараар хийвэл угаартах магадлал өндөр байна вэ гэх мэтээр туршилт, судалгааг маш олон хувилбараар хийсэн.

Эх сурвалж :Zaluu.com