УИХ-ын сонгуулийн хуулийг 76.5 хувийн саналаар баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Хуралдаанаар эвсэлд нэгдсэн намуудын олонхи нь эвслээс гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцох саналыг дэмжлээ. Мөн сонгуульд нэр дэвшигч ял шийтгэл хүлээж байгаагүй талаар ЦЕГ-ын тодорхойлт авах саналыг дэмжсэн.

Дараа нь дагалдах хуулиудыг хэлэлцэв.  Тухайлбал Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулж сонгуульд оролцохоор бүртгэгдсэн сонгогчдын нэрсийн жагсаалтыг тараасан бол торгох саналыг гишүүд дэмжлээ.

Ийнхүү УИХ-ын сонгуулийн хуулийн төслийг гишүүдийн 76.5 хувийн саналаар бүхэлд нь баталлаа. Санал хураалтад нийт УИХ-ын 51 гишүүн оролцож, 39 нь дэмжсэн. Ингэснээр 2020 оны сонгууль 1992, 2008 онд явуулж байсан олон мандаттай, томсгосон тойргоор явагдана. Нэр дэвшигч нэгээс илүү тойрогт нэр дэвшихийг хориглож, нам эвсэл 76-аас илүүгүй хүнийг нэр дэвшүүлэх юм.

СЕХ УИХ-ын сонгуулийн тойрогт мандат хуваарилах, явуулах цаг хугацааны хуваарийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ.