АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп сонгогдлоо

Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Дональд Трамп АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
Хамгийн сүүлийн санал хураалтын дүнгээр Трамп бүх мужид 51.3%, Харрис 47.3% санал авчээ.
 Тэр юу амлав?

1. Хууль бус цагаачдыг албадан гаргах

Сонгуулийн сурталчилгааны үеэр тэрбээр хууль бус цагаачдыг албадан гаргана хэмээн амласан. Мөн өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ эхлүүлсэн Мексикийн хил дагуух ханыг барьж дуусгахаа амлав.

2. Эдийн засаг, татвар, тариф

Нийт сонгогчдын хувьд эдийн засаг бол хамгийн гол асуудал байсан гэх судалгаа гарсан. Трампын хувьд Жо Байдены засаглал доор өндөр түвшинд хүрсэн инфляцыг дуусгана гэсэн юм. Гэхдээ Ерөнхийлөгч бүтээгдэхүүний үнэд шууд нөлөөлөх эрх мэдэл хязгаарлагдмал юм.

Түүнчлэн татварыг бууруулна гэсэн. Ингэхдээ орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн татварыг тэглэх, аж ахуйн нэгжийн татварыг бууруулах санал тавьсан.

Мөн гадаад худалдааны алдагдлыг бууруулахын тулд импортын ихэнх бараанд 10-аас доошгүй хувийн татвар ногдуулна гэжээ. БНХАУ-аас импортлох бараанд нэмэлт 60 хувийн татвар ногдуулах боломжтойг мөн дурдсан байна. Гэхдээ ингэвэл иргэд үнийн өсөлттэй нүүр тулах эрсдэлтэйг зарим эдийн засагч анхааруулжээ.

3. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой зохицуулалтыг багасгах

Өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Трамп байгаль орчныг хамгаалах олон заалтыг цуцалж, АНУ-ыг Парисын уур амьсгалын гэрээнээс гарсан анхны улс болгосон.

Энэ удаад мөн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой зохицуулалтыг багасгана гэсэн бөгөөд цахилгаан автомашиныг ихээхэн шүүмжилж байгаа юм. Мөн чулуужсан түлшний олборлолтыг нэмэгдүүлнэ гэв.

4. Украины дайныг дуусгах

Орос-Украины дайнд Украиныг дэмжихэд АНУ олон тэрбум доллар зарцуулж байгааг Трамп шүүмжилж, хэлэлцээрээр дамжуулан энэ дайныг “24 цагийн дотор” дуусгана гэж амласан.

Ер нь Трамп АНУ-ыг гадаад мөргөлдөөнөөс ангид байлгахын хүсэж буй. Газын зурвас дахь дайны тухайд, Израилыг тууштай дэмжих ч цэргийн ажиллагаагаа зогсоохыг уриалсан.

5. Үр хөндөлтийг хориглохгүй

Трамп мэтгэлцээний үеэр улс орон даяар үр хөндөлтийг хориглох хуульд гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр муж бүр үр хөндөлтийг хэрхэн зохицуулах хуулиа өөрсдөө шийддэг байх эрхтэй гэсэн юм.