Тэтгэврийн зээлийг тэглэх мөнгө улсын төсөвт тусгагдаагүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга он солигдох мөчид ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэхдээ “Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэнэ’ хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл  Сангийн яамнаас ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх боломжгүй гэж мэдэгдлээ.  Тодруулбал, “Тэтгэврийн зээлийг тэглэх тухай асуудал ирэх оны төсөвт огт тусгагдаагүй. Уг нь төсөвтөө тусгагдаж байж, дараа нь зээлийг тэглэх тухай асуудал яригдах ёстой’ гэв.

Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд 381 мянган иргэн сар бүр тэтгэвэр авдаг.

Тэдний 60 хувь буюу 230 мянган тэтгэвэр авагч арилжааны банкнаас тэтгэвэр барьцаасан зээлд 776 тэрбум төгрөг авчээ. Үүнд зээлийн хүү багтаагүй. Өнгөрсөн онд тэтгэврийн зээлийн хүү 10 хувь, 2018 онд 12 хувь, 2017 онд 15 хувь, 2016 онд 18 хувь байсан юм. Хэзээ зээл авснаас хамааран хүү багтаан тооцвол тэтгэврийн зээлийн нийт дүн 1 их наяд төгрөг давах магадлалтай аж.